Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураах үйл явцыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-12 17:10:13
ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураах үйл явцыг эхлүүлсэн тухай "Reuters" агентлаг лхагва гарагт мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, үүний тулд зайлшгүй шаардлагатай тооны саналыг авсан байх ёстой. Санал хураалтыг Их Британийн парламентын Нийтийн танхимд лхагва гарагт явуулах аж. “Холбогдох журмын дагуу санал хураалтыг 12 дугаар сарын 12-нд орон нутгийн цагаар 18:00-20:00 цагийн хооронд явуулна. Санал хураалт явуулсны дараа саналыг шууд тоолох бөгөөд дүнг оройдоо танилцуулна” гэж албан ёсны мэдээлэлд дурджээ.

Их Британийн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалтад Консерватив намын 315 депутат оролцох ёстой. Суудлаа авч үлдэхийн тулд Тереза Мэй олонхын буюу хамгийн багадаа 158 санал авах ёстой бөгөөд үүний дараа тэрбээр ийм үйл явцыг наад зах нь нэг жилийн хугацаанд дахин эхлүүлэхээс хамгаалагдах юм. Хэрэв Их Британийн Засгийн газрын тэргүүн ялагдсан тохиолдолд нам гурван сарын дотор шинэ удирдагчаа сонгох ёстой.

Хэд хэдэн шинжээчийн үзэж байгаагаар, Тереза Мэйгийн хувьд намынх нь 100 гаруй гишүүн түүнд итгэл үзүүлэхгүй байх төлөвтэй байгаа энэ үед тэрбээр санал хураалтад ялсан ч намаа удирдан жолоодох амаргүй байх болно.
Холбоотой мэдээ