Монголчууд багийн спортод амжилт гаргах боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:52:11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Багийн спортыг хөгжүүлэх"-д Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг  2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ. Энэхүү зарлигийг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамба, БСШУ-ны сайд Л. Гантөмөр, Үндэсний болон багийн 18 спортын холбоодын ерөнхийлөгчид гардуулах ёслол өнөөдөр Спортын төв ордонд болов.

Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, гардуулсны дараа ЕТГ-ын дарга П. Цагаан үг хэлэв. Тэрбээр  "Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оноос хойш спортыг дэмжих талаар 4 чухал зарлиг гаргасан. Энэ нь  Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, Өвлийн спортыг хөгжүүлэх тухай, Тив дэлхийн, олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох. Өнөөдөр багийн спортыг дэмжих тухай Засгийн газарт чиглэл өгсөн чухал зарлигийг гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт баг тамирчид, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Даяаршиж буй дэлхийд өрсөлдөхийн тулд ард түмнийг оюун санааны хувьд нэгтгэдэг зүйл бол урлаг, спорт юм. Үүнд өнөөгийн болон өмнөх Засгийн газрууд, биеийн тамир, спортын холбоод монгол хүнийг эрүүл саруул байлгах, бусад улс үндэстнүүдтэй спортын талбарт өрсөлдөхөд нь чухал үүрэг гүйцэтгэж байна. “Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн их зохиолч Д.Нацагдорж хэлсэн. Гурван сая монголчууд маань хэдий чинээ эрүүл чийрэг, тэр хэмжээгээр ой ухаан сайтай байна. Хэдий чинээ ухаантай байна, даяаршиж буй дэлхийд улс орныхоо хөгжлийг урагш нь манлайлж авч явч чадна. Та бүхэнд, нийт тамирчид болоод Монголын ард түмэнд Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж ажиллахыг хүсье. Монголчууд зөвхөн хувийн амжилт үзүүлдэг спортод төдийгүй багийн спортод амжилт гаргах болно. Гэхдээ бид зөвхөн нэг баг биш улс орноороо нэг баг болж, дэлхийн бусад орнуудтай өрсөлдөхийг зорьж байна" гэлээ.

БСШУ-ны сайд Л. Гантөмөр зарлигийг хүлээн авч хэлэхдээ “Багийн спорт бол бусад тамирчдынхаа сайн талыг байнга олж хардаг байж хамтаараа нэгдэж амжилтад хүрэхийн үндэс юм. Өнөөдөр Монголчуудад тулгардаг “Би” гэж өөрийгөө дөвийлгөх өвчнөөс салахад энэ зарлиг чухал ач холбогдолтой хэмээн хүүхэд залуусын хөгжлийг хариуцаж байгаа хүний хувьд талархан хүлээн авч байна" гэв.

ЭМС-ын сайд Г. Шийлэгдамба “Багийн спортыг хөгжүүлэхэд холбогдох байгууллагын хамтын ажиллагаанаас гадна цаасан дээр бус бодит үйл ажиллагаа болж хэрэгжих төлөвлөгөө чухал. Түүнчлэн багийн спортыг хөгжүүлэх бааз суурийг бий болгох, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт ч  тусгах нь зүйтэй. Монголчууд багийн спортод амжилт гаргах бүрэн боломжтой. Мэргэжлийн заах арга зүйн багш, дасгалжуулагчийг ч богино хугацаанд бэлдэх шаардлагатай" гэв.
 

Э.Энхсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд