Монголын газрын зураг бол монголчуудын түүх, өв соёл

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
dusem11@yahoo.com
2017-08-24 13:16:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Соёлын төв өргөөнд байрлах ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт  Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг хамтран “Монголын газрын зураг, газрын нэр судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх дөрөв дэх удаагийн тус ОУЭШХ-д ШУА-ийн Иүүх, археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, Ховд их сургууль, ЦЕГ-ын Төв архив, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг, “Монмэл” компани, Токиогийн Гадаад судлалын их сургууль, Васэда Их сургууль, Варшавын Их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, ОХУ-ын Буриадын Их сургууль зэрэг таван орны 12 байгууллагыг төлөөлсөн 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож судалгааны дүнгээ танилцуулж, шинэ баримт мэдээллийг эрдэм шинжилгээний нарийн судалгаа, эргэлтэнд оруулах юм.

Эрдэмтэн, судлаачдын судалгаа бүтээлээс танилцуулахад, “Хүннүгийн түүхэн газар зүйн асуудалд” /Б.Батсүрэн, Монгол Улс/, “Хүн гүрний Луут хот сургийг гаргахуй” /Г.Аким/, “Хубилай цэцэн хаан ба Дундад эртний Монголын “Баруун улс орнууд”-ын газрын зургийн тоймоос” /Э.Равдан/, “Улаанбаатар хотын анхны газрын зураг. 1928 он” /О.Одбаяр/, “Японы жанжин штабын хэвлүүлсэн Ар Монголын газрын зургийн тухай” /Х.Фүтаки, Япон/, “Шарын шашны холбогдолтой нэр, нэршил болон орон сууцны шинэ хороолдуудын нэрүүд” Павэл Шчап, Польш/, “Ашигт малтмалын орд, илрэлийг байршил, нэрийн шүтэлцээний үүднээс авч үзэх нь” /Н.Одхүү/ зэрэг 20 шахам сонирхолтой илтгэлийг сонордуулан хэлэлцэх юм.

Энэхүү хурал нь Монгол Улс болон гадаад улс орнуудад хэвлэгдэн гарсан газрын зургууд, тэнд тусгасан газар зүйн болон ахуй, шашин, зан үйлтэй холбоотой нэрийн тайлал, утга зүйн судалгаа хийх, хэрэглээний уламжлалыг тодруулна. Мөн монголчуудын түүх, соёлын нэн чухал өв болсон газрын зургийн цаашдын судалгааны хүрээг өргөжүүлэхэд судлаач эрдэмтдийн анхаарал, чармайлтыг нэгтгэх зорилготой гэдгээрээ онцлог ач холбогдолтой ОУЭШХ юм.

Тус хурлын завсарлагаанаар МУИС-ийн Газар зүйн багш Н.Одхүүтэй уулзаж “Ашигт малтмалын орд, илрэлийг байршил, нэрийн шүтэлцээний үүднээс авч үзэх нь” илтгэлийн талаар сонирхлоо.


 
-Монголчуудын оноож нэрлэсэн газар усны нэр  нь газрын хэвлийд байгаа баялгийг ямар нэгэн байдлаар шууд болон шууд бус утгаар илэрхийлсэн, баялгийн талаар утга санааг нь агуулсан геологийн бүтэц, тогтоцыг нэрлэсэн байдаг. Үүнийг бид аль болох газар, усны нэртэй нь холбож судлах, тайлах судалгааг МУИС-ийн Эмерит профессор Э.Равдан багшийн удирдлага дор хамтарч хийж байгаа. Одоогоор судалгааны эхний шатандаа л явж байгаа болохоор үр дүнг нарийн хэлэх боломжгүй. Харин олон түмний сайн мэддэг Төмөрт, Цайрт, Таван толгой зэрэг танил нэршлээс гадна геологиийн тогтоцын талаар дам шинж чанарыг нь илэрхийлсэн газар усны нэр цөөнгүй байдаг бөгөөд шууд утгаар нэрлэсэн газар усны нэр ховор. Шууд утгаар нь бус газрын шинж чанар, геологийн тогтоцыг нэрлэсэн нэрүүд байдаг ч зөвхөн монгол хэлээр бус түрэг, перс, санскрит зэрэг гадаад хэлээр байх жишээтэй. Үүнийг хэл судлаачид их судалж ирсэн байдаг. Харин сззлийн 10 гаруй жилд газар зүйчид их судалж байгаа.

-Энэ асуудлаар тодорхой судалгаа хийсэн судлаач, эрдэмтдийн бүтээл, ном товхимол манайд байдаг болов уу?

-Ашиг малтмалын орд, илрэлийг байршил, нэрийн шүтэлцээний талаас судласан судлаач гэвэл Равдан багш, Нарангарав нарын эрдэмтдийн хийсэн судалгааны бүтээл болох өгүүллүүд байгаа. Анхлан хэл шинжлэлийн талаас судласан хүмүүс гэвэл Б.Ринчен, Догьсүрэн зэрэг манай эрдэмтэн мэргэд байдаг. Яг уг сэдвээр судласан гадаадын судлаач, эрдэмтэд байхгүй. Харин Оросын  эрдэмтэн судлаачдын зарим бүтээлд цухас дурдаад өнгөрсөн баримт бий.

Д.Өлзий
Холбоотой мэдээ