Малын хулгайчийн талаар бодит мэдээлэл өгвөл урамшуулал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-10-08 20:50:38
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж мал хулгайлах гэмт хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах журмыг баталлаа.
Албаныхан тус аймгийн хэмжээнд малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хараа хяналтыг сайжруулах зорилгоор дээрх журмыг баталжээ.
Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад 1688 гэмт  хэрэг бүртгэгдсэнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах 476, үүнээс мал хулгайлах гэмт хэрэг 91 удаа бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.3 хувийг, хулгайлах гэмт хэргийн  19.1 хувийг эзэлж байгаа аж.
Мөн энэ оны хагас жилд мал хулгайлах 25 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.7 хувийг, хулгайлах гэмт хэргийн 32.5 хувийг эзэлж буй.Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй мал хулгайлах гэмт хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн иргэн, малчдын бүлгийг 200-гаас 300 мянга, тухайн онд үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй мал хулгайлах гэмт хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн иргэн, малчдын бүлгийг 200-гаас 500 мянган төгрөгөөр урамшуулна.
Харин гэмт хэрэг үйлдэж байгаа  тухай үнэн бодит мэдээлэл өгсөн иргэн, малчдын бүлгийг 100-гаас 300 мянган төгрөгөөр, дээрх хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсэхүл олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн иргэн, малчдын бүлгийг 200-гаас 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулахаар боллоо.
Албаныхан 2016 онд мал хулгайлах гэмт хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хоёр иргэнийг 250 мянган төгрөгөөр урамшуулжээ. 
Х.Эрдэнэбулган 
 
Холбоотой мэдээ