Пхеньян: АНУ-д огт санаандгүй байхад нь цохилт өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-10-19 15:36:06
ПХЕНЬЯН. /Ёнхап/. АНУ-д огт санаандгүй байхад нь “төсөөлшгүй” цохилт өгнө гэж Умард Солонгос сүрдүүллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ.  
  
Өмнөд Солонгос болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн Солонгосын хойг орчимд хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Умард Солонгос төрийн мэдээллийн агентлагаараа дамжуулан пүрэв гарагийн орой Вашингтонд ийм анхааруулга өгсөн байна.  
 
Анхааруулга бүхий уг мэдэгдэлд “АНУ  “галзуурсан нь” илт харагдаж байна. БНАСАУ АНУ-д огт санаандгүй байхад нь цохилт өгөх болно гэдгээ анхааруулж байна” гэжээ. 
 
АНУ болон Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнийхэн Солонгосын хойг орчмын усанд энэ сарын 16-наас тав хоногийн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн юм. Сургуулилтад хоёр талаас нийтдээ 40 орчим байлдааны хөлөг онгоц, тухайлбал АНУ-ын талаас “Рональд Рейган” нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцож байна.

Пхеньян долдугаар сард тив алгасагч хоёр баллистик пуужин харваж, есдүгээр сард цөмийн туршилт хийснээс хойш Солонгосын хойгийн нөхцөл байдал эрс хурцдаад байгаа юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ