Ц.Даваасүрэн: Монгол Улс цаашид усан цахилгаан станцтай болох шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-20 18:13:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбартай холбоотой мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулж дэгийн дагуу УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс асуулга тавьлаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах хэрэгтэй. Мөн эрчим хүчний хөрөнгө оруулалт дээр эргэлт гаргах ёстой. ТЭЦ-5 өнөөдөр хэрэгтэй юу гэдэг асуудлыг нэг тийш болгож, бодлогоо шинэчлэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр өртөг өндөртэй станцыг барих шаардлагагүй. Дамжуулах шугам сүлжээний менежментийг цоо шинээр явуулах цаг нь болсон.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: -Эрчим хүчний хямралын ард бид бүрэн гараагүй. Одоогоор хараат хэвээрээ байгаа. ОХУ-аас татсан шугам тасарсан тохиолдолд асуудал үүснэ. Бид УЦС-ыг чухалчилж ирсэн. Тэр утгаараа Эгийн голын УЦС-ын асуудлыг ярьж ирсэн. Цаашид Монголын аль гол дээр УЦС барих бололцоотой вэ гэдгийг цаашид судлах шаардлагатай. Ер нь Монгол Улс цаашид усан цахилгаан станцтай болох ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Баянзүрх дүүрэгт манай улсын хүн амын 10/1 нь амьдардаг. Тус дүүргийн захын хорооллоор цахилгаангүй айл өрх олон байна. Төлөвлөлтөд ороогүй, хаяггүй гэдэг шалтгаанаар тэдгээр өрхийг эрчим хүчээр хангахгүй байна. Яагаад цахилгаанд холбохгүй байна вэ гэхээр оршин суугаа хаяггүй гэсэн тайлбар хэлдэг. Үүний ард төрийн хүнд суртал, авлига явж байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: -Баянзүрх дүүргийн хувьд газар дээр нь очиж танилцая. Газартай, хүнд сурталтай холбоотой зөрчил байвал хайр найргүй тэмцэнэ. Төрийн үйлчилгээ авах гээд иргэд цоожтой хаалга мөргөдөг байж болохгүй. Тантай цаг тохирч байгаад эрчим хүчний хүндрэлтэй тэдгээр айл өрхийн нөхцөл байдалтай танилцая.
УИХ-ын гишүүн Л.Болд: -Агаарын бохирдлыг бууруулахад танд 3 жил байна. Энэ тал дээр эргэлт гаргах хэрэгтэй.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: -Утаанаас салахын тулд түр хугацаанд эрчим хүчээр халаах аргыг хэрэглэж болно. Цаашид барилгажуулах нь л хамгийн зөв гарц байх болно.
УИХ-ын гишүүн Д.Мурат: -Баруун аймагт Туркийн хөрөнгөөр барих Дулааны станцын асуудал яагаад дэмжигдэхгүй байна вэ?
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: -БНСУ-ын зээлийн хөрөнгөөр Дулааны станц барих асуудал ярьж байгаа. Бас Солонгосын “Эксим” банктай санамж бичиг байгуулсан. Ер нь баруун аймгуудыг нэгдсэн дулаанд холбох нь чухал. Иймд цаашдаа Эрчим хүчний яам энэ асуудлыг шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Ховд аймагт УЦС барих асуудал юу болсон бэ, ажил  нэлээн урагшилсан. Тус станцыг өөрийн хөрөнгөөр барьж, үйл ажиллагааг нь явуулж байгаад улсад шилжүүлэн өгөх боломж бий юу?
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: -Ховд гол дээрх УЦС-ыг барихад Засгийн газар хүчин чармайлт гаргана. Ингэснээр баруун 5 аймгийн эрчим хүчний тариф буурах юм гэв.
Б.Туул
Холбоотой мэдээ