Занабазарын дэг сургуулиар урласан "Үлэмж чанар Монгол шаазан"-үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-10-21 18:29:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол шаазан урлагийн Их мастер Халтарын Хадхүүгийн “Үлэмжийн чанар Монгол шаазан” үзэсгэлэн өнөөдөр Богд хааны ордон музейд  нээлтээ хийв. 
Энэхүү үзэсгэлэнг ШУА, Түүх археологийн хүрээлэн, мөн МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр нар хамтран зохион байгуулсан юм.
Х.Хадхүү нь 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ваар урлаач мэргэжлээр төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл гангар шаазан урлал, керамик урлалын төрлөөр тасралтгүй 25 жил бүтээлээ туурвиж байна. Тэрбээр анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээлээ туурвидаг, түүний бүтээлийг үргэлжлүүлж байгаа цөөхөн уран бүтээлчдийн нэг билээ.
Мөн Богд хааны ордон музейд хадгалагдаж буй анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутрын бүтээл Ногоон дара эх, Түүний дэг сургуулийн бүтээлүүд болох Оточ манал бурхадыг өнөөдөр үзэгчдэд дэлгэн үзүүлэв.



Шаазан урлалын их мастер Х.Хадхүүтэй энэ үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр, "Үзэсгэлэнд тус музейд хадгалагдаж буй түүхийн үнэт ховор 8 бүтээл, мөн “Сарьдагийн хийд”-ээс олдсон Занабазарын дэг сургуулиар урласан 40 гаруй шавар бурханаас гадна миний 14 бүтээлийг дэглэж тавьсан байна. Өндөр гэгээн Занабазарын хосгүй гайхамшигт бүтээлүүдтэй хамт өөрийн шаазан урлалын бүтээлээ дэлгэн үзүүлж байгаа нь  нэр төрийн хэрэг бөгөөд уран бүтээлд маань том дүн тавьж, урам өгч буй хэрэг хэмээн өндөр сэтгэгдэлтэй байна" хэмээн онцлов. 



ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн “XVII зууны Монголын хотууд” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Богд хааны ордон музейтэй хамтран малтлаг судалгаа хийсэн “Сарьдагийн хийд”-ийн олдворууд тэр дотроос керамик урлалаар бүтээсэн Язгуурын таван бурхан бүтээл ийнхүү үзэгчдийг мэлмийг мялаав.

Өнөөдрийг хүртэл Занабазарын бүтээлийн төрөлд шавар буюу керамик урлалын бүтээл байсан эсэх нь тодорхойгүй байв. Харин энэ малтлагын үр дүнд анх удаа тусгай бие даасан төрлөөр урлаж байсныг нотолсноор чухал ач холбогдолтой.



“Сарьдагийн хийд” нь Өндөр гэгээн Занабазар 20 насны сүүдэр тохиох үе буюу 1654 оноос барьж эхэлсэн Номын их хүрээ бөгөөд 32 жилийг турш барьж байгуулжээ. Харамсалтай нь хоёрхон жилийн дараа буюу 1686 онд Монголчуудын дотоодын их үймээн самуунд өртөж устсан байдаг.
Тэр цагаас хойш 300 орчим жил тусгайлан судалсан зүйлгүй 21 дүгээр зуунтай золгожээ. ШУА-ийн  Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулууны санаачилгаар 2013 оноос тус хийдийн тууринд малтлага судалгааг амжилттай хийж байгаа юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ