Хятадын онцлогтой социализмын үзэл санааг дэлхий нийтэд сурталчилж байна гэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-23 10:10:48
 Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрөгч баасан гарагт ХКН-ын 19 дүгээр Их хурлын талаар ээлжит хэвлэлийн бага хурал хийв. Өнгөрсөн таван жилийн хугацаанд соёл, ёс суртахууныг дээшлүүлэх, соёл уламжлалаа хадгалж хамгаалах, гадаадад сурталчлах чиглэлээр хийсэн ажил, шинэчлэлт өөрчлөлтийн талаар танилцуулсан юм.
Соёлч, оюунлаг Хятад улсыг байгуулахын төлөө ХКН-аас ихээхэн анхаарч, Хятадын соёлыг хадгалан хамгаалах, дэлхий дахинд сурталчилж, таниулах чиглэлээр олон ажил хийсний дотор улсын хэмжээнд 3000 гаруй номын сан, 4000 гаруй музей шинээр байгуулжээ. Дэлхийн 157 оронтой соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, 700 гаруй төсөл хэрэгжүүлж, 30 оронд Хятадын соёлын төвийг нээгээд байна. 
Мөн энэ хугацаанд Хятадын онцлогтой социализмыг олон улсад таниулах  зорилгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпиний улс төрийн бодлоготой холбоотой номуудыг 23 хэлээр хэвлэн гадны 160 гаруй улсад 500 мянга гаруй хувийг нийлүүлжээ.
Түүнчлэн, Хятад улс энэхүү хийж буй ажлуудынхаа үр дүнд  ном хэвлэлт, кино үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт орж, дэлхийн кино урлагийн зах зээлд дээгүүр байр эзлэх болсон хэмээн мэдээллээ.
 Ийнхүү Хятад улс өөрийн онцлогтой социализмын үзэл санаа, үндэстний соёл уламжлалаа төрөл бүрээр дэлхий нийтэд сурталчилж байна.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ