Начин цолны хүндэтгэлийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-23 10:17:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой, Монгол Улсын начин цолны 11 дахь удаагийн хүндэтгэлийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ.

Өчигдөр буюу ням гарагт болсон энэ барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нар магнайлан улс аймгийн алдар цолтой 256 бөх бяр хүчээ сорин, уран мэхээ уралдуулан барилдсан юм. Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын залуу харцага О.Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн арслан М.Эркебуланд үзүүрлэв.

Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх, Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын харцага Т.Баасанхүү нар тус тус шалгарлаа.

Зургаагийн даваанаас унаа, давааг тодруулбал, улсын арслан Ц.Содномдоржийг аймгийн арслан М.Эркебулан давсан бол улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр, улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Б.Сангисүрэнгээр тус тус зургаа давлаа. Харин энэ даваанд тунаж үлдсэн улсын харцага О.Хангай, улсын начин Э.Дашийг давж шөвгөрсөн.

Улмаар долоогийн даваанд аймгийн арслан  М.Эркебулан, улсын заан Б.Батмөнхийг өвдөг шороодуулсан бол улсын харцага О.Хангай, улсын харцага Т.Баасанхүүг давж, улсын харцага, аймгийн арслан хоёр үзүүр, түрүүнд үлдсэн юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ