Ногоон картыг цуцлах Д.Трампын “улаан карт”

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-11-06 15:35:16
Узбек гаралтай Сайфулло Саипов гэгч этгээд Нью-Йоркийн Манхэттэний гудамжинд ачааны машинаар 8 хүнийг дайран хөнөөсний маргааш өдөр нь /1/XI/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ногоон картын сугалааг цуцлахыг Конгресст хандан уриаллаа.
 
Учир нь, террорист халдлагыг үйлдсэн этгээд 2010 онд ногоон картын сугалаагаар АНУ-д оршин суух эрх хожсон байсан нь угаасаа цагаачдад таагүй ханддаг Америкийн Ерөнхийлөгчийн зэвүүцлийг асар ихээр хүргэсэн байна.

Ер нь бол, сугалааны механизмыг хүчингүй болгох нь Трампын хэрэгжүүлж буй цагаачлалын бодлогын хүрээнд зайлшгүй хийхээр төлөвлөсөн алхмуудын нэг байсныг ажиглагчид онцоллоо.

Олныг цочролд оруулсан дээрх хэрэг нь ногоон картны азтануудын үйлдсэн хоёрдахь халдлага юм. Өмнө нь 2002 онд ногоон картны сугалаанд хожсон эхнэрийнхээ араас АНУ-д ирсэн Египетийн иргэн Хешам Мохамед Хадайет гэгч этгээд Лос-Анжелесийн нисэх онгоцны буудалд зорчигчид руу гал нээсний улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархдаж байжээ. 



Ногоон картын сугалааны тухай товчхон

Бидний нэрлэж заншсан ногоон картын сугалааг албан ёсоор Diversity Immigrant Visa /Олон үндэстний цагаачлалын виз/ гэж нэрлэдэг. Сугалааны нэрэнд орж буй “diversity” /олон төрөл байдал/ гэдэг үг нь янз бүрийн үндэстний цагаачдад зориулсан гэсэн утгатай бөгөөд олон соёлын /мультикультурализм/ үзэл санааг илэрхийлдэг. 

Ногоон картын сугалааны хөтөлбөрийг 1990 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд жил бүр 50 мянга орчим гадаадын иргэд сугалаанд хожсоноор АНУ-д байнга оршин суух эрхийг авдаг байна.

Сугалааны хөтөлбөрийг боловсруулахад Сенат дахь Ардчилсан намын цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер /тухайн үед Конгрессын гишүүн байсан/ гол үүргийг гүйцэтгэжээ. Хачирхалтай нь, тэрбээр 2013 онд ногоон картын сугалааг цуцлах тухай хуулийн төслийг санаачилж байсан аж.  Уг төслийг Сенат дэмжсэн боловч Конгрессын Төлөөлөгчдийн танхимын эсэргүүцэлтэй тулгарснаар батлагдаагүй байна.

Ер нь бол, сугалааны хөтөлбөрийг зогсоох оролдлого 2005, 2007, 2009, 2013 онуудад гарч байсан боловч тухайн бүрт нь Сенат болон Конгрессын Төлөөлөгчдийн танхим эсэргүүцэж байжээ. Сугалааг цуцлахын эсрэг голдуу хар арьст хууль тогтоогчид болон хүний эрхийг хамгаалагчид идэвхтэй тэмцдэг байна. Тэдний үзэж байгаагаар, сугалааны механизм нь Африк тив, Карибын тэнгисийн орнуудын цагаачдад хуулийн дагуу АНУ-д оршин суух боломжийг олгож байгаа юм. Ногоон карт нь зөвхөн ажил эрхлэх зөвшөөрөл олгодог төдийгүй цагаачдыг эрүүл мэндийг даатгалд хамруулдаг учраас дэлхийн улс орнуудын иргэд АНУ-д очихыг мөрөөддөг байна.   

Нөгөөтэйгүүр, америк манлайллын үзэл санааны гол төлөөлөгчид болох БНН-аас сонгогдсон Сенатын гишүүн Линдси Грэм, Марко Рубио нарын үзэж байгаагаар бол, ногоон картны сугалаа бол Америкийн нөлөөг дэлхий даяар түгээх механизм аж. Түүнээс гадна, сугалаанд оролцогчид тодорхой хэмжээний мөнгийг Америкийн төрийн санд оруулдаг. Тухайлбал, 2015 онд дэлхий даяар сугалаанд оролцсон 9,3 сая хүн тус бүр 10-15 долларын хураамж төлсөн гэж тооцоход энэ нь 100 сая гаруй доллар болж байна.   

Дашрамд дурдахад, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын иргэд 1995 оноос хойш ногоон картын сугалаанд идэвхтэй оролцсоор иржээ. Зөвхөн 2010 онд гэхэд Узбекистанаас АНУ-д ирсэн цагаачдын 69 хувь нь энэ сугалаанд хожсоноор виз авсан гэх тоо бий.

2017 онд Узбекистан улс грин-карт хожсон хүмүүсийн тоогоор /4494/ ОХУ, Иран, БНАКонго Улс, Этиопийн дараа тавдугаарт орж байв. Энэ бол нэлээд их тоо юм. Харьцуулахад, манай Монгол Улсын иргэд 2000 оноос хойш сугалаанд оролцож жил бүр дунджаар 200 орчим хүн Америкийг зорьдог аж. Тодруулбал, 2013 онд сугалаанд Монголын 20 мянга орчим иргэн оролцсоноос 186 иргэн ногоон карт хожсон бол 2012 онд 19 мянган иргэн оролцож 224 хүн ногоон картны эзэн болж байжээ. Харин 2011 онд 27 мянга гаруй монголчууд сугалаанд оролцож 209 хүн азтанаар тодорч байв. 2010 онд хамгийн олон буюу 40 мянга гаруй хүн сугалаанд оролцсоноос 279 хүн ногоон картны эзэн болж, тэднээс 209 нь Америкийг зорьсон гэх мэдээллийг интернэтээс олж авлаа.

Эдгээр тоо баримтыг харж харьцуулахад, хэдийгээр Узбекистаны хүн ам манайхаас 10 дахин олон боловч ногоон картын сугалаа хожсон иргэдийнх тоо нь 20 дахин олон байгаа юм. Энэ нь ногоон картны сугалааны азтануудыг тодруулахдаа бүс нутгийн байршлыг харгалзан үздэгтэй холбоотой ажээ.

Узбекистаны иргэд, ялангуяа Самарканд хотынхон сугалаанд маш идэвхтэй оролцож, “америк мөрөөдлөө” биелүүлэхийн тулд юугаа ч өгөхөөс буцахгүй байдгийг далимдуулан тус улсад “ногоон картны мафи” үүсч цэцэглэжээ. Мафийнхан иргэдийг мэдээгүй байхад нь өмнөөс нь олон мянган цахим бланк бөглөж, тухайн иргэний аз гийсэн тохиолдолд түүнээс асар их мөнгө нэхдэг байна. 
 
Коттон-Пердьюгийн хуулийн төсөл

Ногоон картын сугалаа Д.Трампын “занаанд” анх удаагаа өртөж байгаа хэрэг биш юм. Уг хөтөлбөрийг цуцлах зорилготой  Д.Трампын “улаан карт” бол энэ оны 8 дугаар сард БНН-аас Сенатад сонгогдсон Д.Пердью, Т.Коттон нарын өргөн барьсан “Ажил эрхлэлтийг сайжруулахын тулд АНУ-ын цагаачлалын хууль тогтоомжийг шинэчлэх” тухай /The RAISE (Reforming  American Immigration for Strong Employment) Act/ хуулийн төсөл юм.
 

The RAISE нь ногоон картын сугалааг халж, зарчмын хувьд түүнээс эрс өөр тогтолцоог бий болгосноор АНУ-д ирж буй цагаачдын тоог хамгийн багадаа 2 дахин цөөрүүлэх зорилготой аж. 

Америкийн удирдагч уг хуулийн төслийг “сүүлийн хагас зуун жилд хийгдээгүй цагаачлалын хууль тогтоомжийн хамгийн том шинэчлэл” гэж өндрөөр үнэлсэн байна. Түүний үзэж байгаагаар, бага цалинтай ажил эрхэлдэг, боловсролгүй цагаач-ажилчдыг олон жилийн турш олноор нь АНУ-д нэвтрүүлсэн нь америкчуудын ажил эрхлэлт, татвар төлөгчид, нийгмийн нөөц боломжид багагүй дарамт учруулж байгаа аж. Цагаач-ажилчид олноороо ирж байгаа нь зах зээлд ажиллах хүчний илүүдлийг болгож, ажлын үнэлэмжийг бууруулж байгаа гэнэ.

Төсөл санаачлагчдын ярьснаар, АНУ жил бүр 1,1 сая цагаачдыг хүлээн авдгаас  50 гаруй хувь нь нийгмийн халамжийн тэтгэмж авч амьдардаг байна. Цагаачлахаар ирсэн 15 хүн бүрийн ердөө нэг нь АНУ-д шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшсэн байдаг гэнэ.

Уг хуулийг баталснаар, мэргэжилгүй цагаач-ажилчдын урсгал татрах ба ингэснээр америк ажилчдын цалин нэмэгдэнэ гэдэгт Д.Трамп итгэлтэй байна. Хуулийн төслийг санаачлагч Пердью хэлэхдээ “одоогийн цагаачлалын тогтолцоо нь манай улсын эдийн засгийн шаардлагад огтхон ч нийцэхгүй байна. Аж амьдралаа дээшлүүлэхийн тулд АНУ-д хуулийн дагуу ирэхийг хүсч буй авьяаслаг хүмүүсийг бид хүлээн авахад бэлэн байна” гэлээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, ногоон картын сугалааг цуцлах нь АНУ-д цагаачлахыг хүсч буй хөгжиж буй орнуудын хар ажилчдын урмыг хугалах бол инженерүүд болон оюуны чадамж шаарддаг мэргэжилтэй хүмүүсийн хувьд Америкийн визийг урьд нь ямар ч хүндрэлгүйгээр авдаг учраас тэдэнд бараг нөлөөлөхгүй бололтой.    

Трампын үзэж байгаагаар, ногоон картын сугалааны оронд “цагаачлалын өргөдөл гаргах үйл явцыг өрсөлдөөнтэй болгох нь зүйтэй”.  Үүний үр дүнд англиар ярьдаг, санхүүгийн хувьд өөрийгөө болон гэр бүлээ авч явж чадах, Америкт хэрэгтэй мэдлэг чадварыг эзэмшсэн цагаачид байнга оршин суух эрх авах магадлал өсөх юм. Цагаачлалын ийм системийг Канад болон Австралид хэрэгжүүлдэг байна.

Ногоон картыг цуцлах магадлал 12 хувьтай

Ногоон картын сугалаанд оролцохоор бүртгүүлсэн манай улсын иргэд Д.Трампын уриалгыг сонсоод санаа зовж сандралдах хэрэггүй юм. Учир нь, Коттон-Пердьюгийн хуулийн төсөл батлагдах магадлал дөнгөж 12 хувьтай байгаа гэдгийг АНУ-ын Конгрессын гишүүдийн үйл ажиллагаанд ажиглалт хийдэг GovTrack гэдэг цахим хуудсанд онцолжээ.



Түүнээс гадна, одоо Сенатад бүгд найрамдахчууд ялимгүй давуу байдалтай байгаа ба 100 суудлаас 52-ыг нь авчээ. Хуулийн төслийг батлахад Сенатын 60 гишүүний дэмжлэг хэрэгтэй, харин бүгд найрамдахчууд бүгдээрээ төслийг дэмжинэ гэж хэлэхэд тун хэцүү. Жишээлбэл, БНН-аас Сенатад сонгогдсон нөлөө бүхий гишүүн Жон Маккейн цагаачлалын шинэчлэлийг тууштай дэмждэг хүн боловч Коттон-Пердью нарын хуулийн төслийг сайшаасангүй.                                                                                                                                                                     
Д.Трамп ногоон картны сугалааг халахыг уриалсны хариуд сугалааг санаачлагч Чак Шумер хэлэхдээ “Америк орныг хуваагдахад хүргэж байна” гэж Ерөнхийлөгчийг шүүмжиллээ.  Нөгөөтэйгүүр, Трампын засаг захиргаа нэлээд хүнд байдалд орчихоод байгаа юм. Учир нь “оросууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад хөндлөнгөөс оролцсон” гэх хэргийг тусгай прокурор Мюллер шалгаж байгаа. Түүнчлэн яг одоо Конгресс болон Сенатын гишүүд төсвийн төсөл, татварын шинэчлэлийн асуудлыг шийдэхээр маш завгүй байна.  Үүний дараа цагаачлалын хууль тогтоомжийг шинэчлэх гэсэн түвэгтэй асуудалтай тулгарна. Иймээс Конгрессын гишүүд Трампын санаачилгыг төдийлөн ойшоохгүй байх талтай.    

Трамп сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд дээрх Коттон-Пердьюгийн хуулийн төслийг идэвхийлэн дэмжиж байгаа бөгөөд эцсийн дүндээ уг төсөл Конгресст дэмжигдэхгүй байлаа ч гэсэн тэрбээр сонгогчдоос оноо авч, нэр хүндээ дээшлүүлж чадах юм. Ингэхдээ Трамп болон түүний багийнхан 2018 онд болох Конгрессын сонгуулийн үеэр үүнийг PR болгон ашиглаж “цагаачлалын тогтолцоог боловсронгуй болгохын тулд ерөнхийлөгчийн санаачилсан зөв зүйтэй зүйлийг Конгресс дэмжээгүй” гэсэн яриаг тараах нь ойлгомжтой. Тэрбээр санаачилга нь бүтэлгүй болсонд Ардчилсан намын гишүүд, Конгресс, гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг буруутгаснаар сонгуульд намаа ялуулах тактикийг баримтлах болов уу.  

Б.Адъяахүү    




 
 
 
Холбоотой мэдээ