БНХАУ, АНУ 250 тэрбум долларын өртөг бүхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-11-10 09:52:44
БЭЭЖИН. /Шиньхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад хийж буй төрийн айлчлалын үеэр тус хоёр улсын компаниуд 250 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Д.Трамптай дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ энэ тухай ярьсан байна. Ши Жиньпин хэлэхдээ “БНХАУ болон АНУ-д эдийн засаг ба худалдааны салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж бололцоо байна” гэжээ.

“Боинг” нисэх онгоц, “Форд” автомашин, шар буурцаг зэргийг АНУ-аас худалдан авах, Аляска муж улсад шингэрүүлсэн хийн хамтарсан үйлдвэр барих зэрэг 250 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээрүүдийг талууд байгуулсан байна.

Д.Трамптай дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа Ши Жиньпин сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Манай хоёр улс Ерөнхийлөгч Д.Трампын айлчлалын үеэр 250 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээрүүд байгууллаа. Үүнээс гадна манай улсын зах зээлд нэвтрэх үүд хаалгыг Америкийн компаниуд болон хөрөнгө оруулагчдад илүү өргөнөөр нээж өгөхөө бид мэдэгдсэн” гэжээ.

Харин Д.Трамп “Бид Хятад улстай худалдааны салбарт шударга бөгөөд харилцан ашигтай хамтран ажиллахыг хүсэж байна. Хоёр талын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахын тулд тодорхой алхмуудыг хийхээр өнөөдөр би Ши даргатай тохиролцлоо” гэсэн байна.

Хятад нь АНУ-ын худалдааны хамгийн том түнш бол АНУ нь Хятадын худалдааны хоёр дахь том түнш юм. 1979 онд буюу Хятад болон АНУ дипломат харилцаа тогтоосон жил хоёр талын худалдааны эргэлт 2.5 тэрбум доллароор хэмжигдэж байсан бол 2016 онд 519.6 тэрбум доллар болж нэмэгджээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд АНУ-ын Хятад руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 11 хувиар өссөн бол Хятадын АНУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ ердөө 6.6 хувиар өссөн байна. Мөн 2009-2016 онд Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Америкт 140 мянган ажлын байр бий болгосныг Хятад-АНУ-ын худалдааны асуудал эрхэлсэн хорооноос саяхан гаргасан статистик мэдээ харууллаа.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ