Өвөрмонголд болсон чөлөөт бөхийн тэмцээнээс 9 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-14 15:30:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрмонголын Шилийн хотноо болсон “Гончигжав Кап” чөлөөт бөхийн өсвөр үеийн хөвгүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 12-13-нд болж манай бөхчүүд есөн медаль хүртжээ.

Манай улсаас Дорноговь аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Сайнбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын дасгалжуулагч Э.Ариунбаяр, Замын-Үүд сумын “Говийн бөх” дэвжээний дасгалжуулагч Б.Түвшинтөгс, Улаанбаатар хотын “Ирээдүйн хүчтэн” клубын дасгалжуулагч Р.Сумъяа нарын удирдлага дор 20-иод тамирчин хүчээ сорьж дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Хөвгүүдийн ангилалд болсон тэмцээнд 2003-2005 оны бөхчүүдээс 46 кг-д Б.Хишигдорж, 58 кг-д Болд-Эрдэнэ алт, 46 кг-д Э.Ууган-Эрдэнэ (Говийн бөх) хүрэл, 2001-2002 оныхоос 66 кг-д Будням (Ирээдүйн хүчтэн) алт, 50 кг-д Н.Цэнгүүнбаяр (Говийн бөх) мөнгө, 60 кг-д М.Сүхбат хүрэл, 1999-2000 оны тамирчдаас 57 кг-д Э.Зулхүү (Дорноговь, Айраг) алт, 65 кг-д Н.Эрхэмбаяр (Өвөрхангай), 125 кг-д Бадрал (Ирээдүйн хүчтэн) нар мөнгөн медалийн эзэд тус тус болжээ.

Энэ жилийн тэмцээнд БНХАУ-ын олон муж, хотын өсвөрийн тамирчид оролцсон бөгөөд ирэх жилээс БНАСАУ, ОХУ-ын бөхчүүд урьж ирүүлэхээр болжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ