МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгогдсоныг албан ёсоор зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-21 21:05:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII Их хурал хоёр өдрийн турш хуралдаж намынхаа дүрмийг шинэчилж, өнөөдөр  21.40 минутад 1309 төлөөлөгчийн 63.1 хувийн саналаар тус намын  15 дахь даргаар Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдсоныг албан ёсоор зарлав.

МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд төлөөлөгчид аймаг, дүүргээрээ хуваагдан санал өгөв. У.Хүрэлсүх нийт сонгогчдын 63,1 хувь буюу 775 хүний санал авсан бол Д.Хаянхярваа 36,9 хувь буюу 451 хүний санал авав.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авсныхаа дараа төлөөлөгчдөд хандаж үг хэлэв. 

Тэрбээр “Төлөөлөгчдийнхөө магтаал, зэмлэлийг энэ хэдэн хоногт сонслоо. Монгол Улсын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. Тиймээс би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ дахь намын бүлгийн 33,32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж буйг та бүхэндээ зарлая. Ийм үүрэг даалгаврыг Их хурлаас надад, МАН-ын 65 гишүүд өглөө” гэв. Маргааш буюу Их хурлын гурав дахь өдөр МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоно.

 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ