Умард Солонгосоос зугтаж Өмнөд Солонгост очсон цэрэг ухаан оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-21 21:23:05
СӨҮЛ. /Ёнхап/. Хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсийн харуул хамгаалалтын хэсгээр дамжин Өмнөд Солонгост зугтаж очсон Умард Солонгосын цэрэг ухаан орлоо гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Умард солонгос цэрэг нь энэ сарын 13-нд Өмнөд Солонгос руу зугтаж байхдаа таван удаа буудуулан шархадсан юм. Түүнийг Өмнөд Солонгосын цэргүүд эмнэлэгт хүргэж,  эмч нар түүнд хоёр томоохон хагалгаа хийснээс хойш тэрбээр ухаан ороогүй байсан билээ.

Цэрэг өнөөдөр ухаан орсныхоо дараа “Телевизээр кино үзэхийг хүсэж байна” гэж хэлсэн гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Ёнхап” агентлагт мэдэгдсэн байна. Цэргийн сэтгэл санааны байдлыг тогтвортой болгохын тулд эмнэлэгт Өмнөд Солонгосын төрийн далбааг өлгөсөн гэнэ. 

Жил бүр Умард Солонгосоос Өмнөд Солонгост 1000 орчим хүн зугтаж очдог байна. Гэхдээ маш чанга хатуу харуул хамгаалалттай Цэрэггүй бүсээр зугтсан тохиолдол цөөн байдаг юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус бүсээр дамжин Умард Солонгосын цэрэг зугтсан дөрөв дэх тохиолдол нь энэ аж.

Хоёр Солонгосын дайн 1953 онд албан ёсны энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээ байгуулснаар дууссанаас хойш талууд үндсэндээ дайны байдалтай хэвээр байгаа юм.
Энэ оны эхний гурван улиралд Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж очсон хүмүүсийн тоо 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар буурчээ. Тодруулбал, энэ хугацаанд Умард Солонгосын 780 иргэн Өмнөд Солонгост зугтаж очсон байна.

Умард Солонгосоос зугтагчдын тоо буурч байгаа нь Пхеньян болон Бээжин хилийн харуул хамгаалалттаа чангатгаж, хилийн дагуу хяналтын камер суурилуулах болсонтой холбоотой гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс үзэж байна.

Умард солонгосчууд нь голдуу Хятадаар дамжин зугтдаг юм. Учир нь Умард Солонгос нь Хятадтай хамгийн урт газар нутгаар хиллэдэг учир Хятадаар дамжин зугтах нь Цэрэггүй бүсээр зугтахаас илүү хялбар байдаг ажээ.

1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосоос 30 мянга гаруй хүн Өмнөд Солонгост зугтаж ирээд байна гэж Сөүлийн мэдэгдэлд дурджээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ