Үйлдвэрлэгчдэд органик хүнсний чиглэлээр мэдлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-24 18:18:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран энэ сарын 28-30-нд МҮХАҮТ-д “Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт зохион байгуулна.

Сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх, олон улсын органик үйлдвэрлэл, баталгаажуулалтын мэргэжилтэн, Итали улсын иргэн Лорензo Пэрис явуулах бөгөөд Монголын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаач, төрийн болон ТББ-ын 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Органик хүнсний үйлдвэрлэл нь  хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангах, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах нийгэм эдийн засгийн  ач холбогдолтой юм. Мөн хувиргасан амьд организмыг  хэрэглэхийг зөвшөөрдөггүй тул цэвэр, байгалийн гаралтай хүнсээр иргэдийг хамгаалахад чухал үүрэгтэй. Дэлхийн 172 улс органик үйлдвэрлэлийг дэмжиж, 2.3 сая фермерүүд 80 тэрбум америк долларын хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байгаа бөгөөд энэхүү үзүүлэлт жил бүр 20 хувиар өсч байгааг зохион байгуулагчид онцолж байна. Харин Монгол Улсын хувьд органик үйлдвэрлэл эхлэлийн шатандаа байгаа тул бусад улс орноос туршлага судлах зайлшгүй шаардлагатай юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ