Египетийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн террорист халдлага болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-25 09:58:50
КАИР. /Ройтерс/. Баасан гарагт буюу өчигдөр Египетийн Синайн хойгийн нэгэн сүмд зэвсэгт этгээдүүд тэсрэх бөмбөг дэлбэлж, гал нээсний улмаас 235 хүн амь үрэгдэж, 105 хүн шархадсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ нь орчин цагийн Египетийн түүхэнд нэг халдлагын үеэр хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болж байна.

Синайн хойгийн хойд хэсэгт орших Бир-эль-Абед хотын сүмд сүсэгтнүүд баасан гарагийн үдээс хойш мөргөл үйлдэж байхад зэвсэгт этгээдүүд дайран орж, тэсрэх төхөөргүүд дэлбэлж, гал нээжээ.

Энэ халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ лалын шашны суфи урсгалыг шүтэгчдийг "буруу номтнууд" гэж үздэг босогчдын аль нэгэн бүлэглэл халдлагыг үйлдсэн байж магадгүй гэж Египетийн холбогдох албаны хүмүүс үзэж байна.

Уг халдлагатай холбогдуулан Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси өчигдөр орой телевизээр мэдэгдэл хийхдээ “Засгийн газар терроризмтой тэмцэх ажиллагаа явуулж байгаа учир энэ халдлагын ард буй этгээдүүдийг олж, зохих шийтгэлийг нь ногдуулах болно” гэжээ.

Египет даяар өнөөдрөөс эхлэн гурав хоногийн гашуудал зарласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудастаа “Гэм зэмгүй мөргөлчдийг зэрлэг балмадаар хөнөөсөн нь үнэхээр аймшигтай хэрэг. Дэлхий нийт терроризмыг тэвчиж чадахгүй. Террористуудыг цэргийн хүчээр ялан дийлж, хэт давруу үзлийг үндсээр нь устгах хэрэгтэй” гэж бичжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ