УИХ-ын ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-25 13:47:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг энэ сарын 26-наас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллана.

Тус ажлын хэсэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх санал дүгнэлт гаргах үүрэг хүлээж буй. Сүүлийн үед хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарч, нийгмийн анхаарал татсан асуудал болсон тул тус ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын түвшинд асуудлыг авч хэлэлцэх нь. Ажлын хэсэг маргаашнаас эхлэн тус суманд хоёр хоног ажиллах юм.

Мөн Өргөдлийн байнгын хорооны гишүүд ирэх мягмар гарагт нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллаж, агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудын биелэлттэй танилцахаар болжээ.
Б.Туул


Холбоотой мэдээ