Монгол, Кубын спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2017-11-25 14:19:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-25-нд Кубын нийслэл Гавана хотноо болж буй “Спорт ба хүний хөгжил” сэдэвт AFIDE 2017 биеийн тамир спортын асуудлаарх Олон улсын VII хуралд оролцож байна.  
 
Ц.Шаравжамц энэ сарын 23-нд Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институтын Ерөнхийлөгч Антонио Эдуардо Бекалитай уулзаж, хоёр улсын хооронд биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллаж ирсэн баялаг туршлагыг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцжээ. Тухайлбал, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институт хооронд 2014 онд байгуулсан “Биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.   
 
Кубын тал 2020 онд Токио хотноо болох зуны олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэлийг Монголын жүдо, бокс, чөлөөт бөхийн шигшээ баг тамирчидтай хамтран зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн бол манай тал Кубаас бокс болон волейболын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг Монголд гэрээгээр ажиллуулах санал тавьж, хамтран ажиллахаар тохиролцсон аж.  
Холбоотой мэдээ