ТОЙМ: Эрх баригч нам удирдагчаа сонгож, Ерөнхийлөгч цаазыг сэргээх саналаа албажууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-27 00:03:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын анхдагч улс төрийн хүчин МАН-ын 28 дугаар Их хурал өнгөрч буй долоо хоногийн гол халуун сэдэв байлаа. Дөрвөн жилд нэг удаа хуралддаг тус намын Их хурлаар МАН шинэ даргаа сонгож, удирдлагын бүтцээ өөрчлөн, дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэв. Хамгийн гол нь эвдрэл хагаралтай хэмээн цоллогдож байсан МАН-ын 65-ын бүлэг эв нэгдлээ бэхжүүлэх анхны “шанг” татлаа хэмээн Их хурлын үр дүнг төлөөлөгчид нь онцолж байлаа. Дөрвөн хоног үргэлжилсэн Их хурлын зэрэгцээ нийслэл хэмээх их айл 2017 оны төсвөө тодотгож, ирэх оны төсвөө өргөн бариад байна. Энэ мэтчилэн өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад өрнөсөн гол үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
 
“ЭВ НЭГДЭЛ”-ИЙГ ЧУХАЛЧИЛСАН МАН-ЫН ИХ ХУРАЛ
ЗОРИЛГОДОО ХҮРЧ ЧАДАВ УУ?
 
Нийт 210 гаруй мянган гишүүнтэй, 96 жилийн түүхтэй, Монголд төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагт анхдагч улс төрийн хүчинд тооцогддог МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сарын 20 буюу өнгөрөгч даваа гарагт Улаанбаатар хотноо эхлэв. Аймаг, дүүрэг бүрээс 1309 төлөөлөгч оролцож, дөрвөн хоногийн турш хуралдсан тус Их хурлаар намын шинэ даргаа сонгосон юм. Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдсөнөөc Ж.Мөнхбат, Н.Дэмбэрэл нар нэрээ татaж, үлдсэн хоёр нэр дэвшигчээр санал хураалгасан. Үүнээс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 63.1 хувийн санал авч МАН-ын 15 дахь даргаар сонгогдон, тамга тэмдгээ М.Энхболдоос гардан авсан юм. Хамгийн гол нь намын даргыг сонгох ажиллагаа тун эмх цэгцтэй, дуулиан шуугиангүй болсон нь хурлын өмнө гарч байсан таамаглалуудыг эвдсэн гэхэд болно. Их хурлын тов гармагц намын даргад өрсөлдөгчдийн талаар олон төрлийн таамаг дэвшүүлж, тэр хэрээр хурцадмал ширүүн нөхцөлд даргын сонгууль болох нь гэх төсөөлөл үүсээд байсан. Харин заалнаас болон өмнө нь нэр дэвшинэ хэмээгдэж байсан хүмүүс таг чиг байж, нэр дэвшүүлэх явцад хоёр хүн тунан, сонгуулийн дүнг тун боловсон хүлээж авсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардсаны дараа хэлсэн үгэндээ “УИХ дахь намын бүлгийн 33,32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж буйг та бүхэндээ зарлая. Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. МАН ямар эв нэгдэлтэй, хүч чадалтай нам гэдгийг харуулах цаг болсон. Ард түмний бидэнд саналаа өгсөн итгэлийг хариулах үүргийг хэрэгжүүлэхийн төлөө би МАН-ын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд чөмгөө дундартал ажиллах болно” хэмээн мэдэгдсэн. Харин түүнтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Энэ цаг мөчөөс алдагдсан үнэт зүйлсээ сэргээж, намын шинэчлэлийн хамгийн анхны шанг татна. МАН-ын дарга, Ерөнхий  сайд У.Хүрэлсүх нөхөртөө энэ намын эвийг эвлүүлж авч явна, эдийн засгаа өсгөхийн төлөө ихийг хийж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байна” хэмээсэн.
Гэхдээ тус намын Их хурлын үеэр хамгийн их хэлэгдсэн үг бол “эв нэгдэл” байв. Учир нь УИХ-д олонхын буюу нийт гишүүдийн 85 хувийг дангаар бүрдүүлсэн МАН-ын бүлэг дотроо 32, 33-аараа хуваагдан, хагаралдсан хэмээн шүүмжлэгдэж, энэ нь ортой байж болохыг нэг бус үйлдлээр гишүүд нь харуулсан. Зарим нэг гишүүд ч “манай намын бүлэг хагарсан нь үнэн, гэхдээ арай ч тусдаа нам болоод гарчихгүй байх” хэмээн ярилцлага өгч байв. Энэ бүхнээс улбаалан намын Их хурлаараа “эв нэгдлийн” асуудлыг чухалчилж, дараагийн дарга, удирдлагаасаа эв нэгдлээ хангаж, батжуулж чадах л амлалт хүлээж байсан. Харин хурлын төгсгөлд төлөөлөгчдийн дийлэнх нам нь эв нэгдлээ хангах нөхцлөө бүрдүүлсэн хэмээн дүгнэж байсан юм. МАН-ын дарга асан М.Энхболд тамгаа хүлээлгэн өгөхдөө “У.Хүрэлсүх таныг эв нэгдлийг эрхэмлэж, энэ их ачааг ажирахгүй үүрч явж чадна гэж итгэж байна. Та өөртэйгөө өрсөлдсөн УИХ дахь намын бүлгийн дарга Д.Хаянхярваатай нэгдмэл, нэг ойлголттой гар нийлж ажиллаж чадвал бидний дундах талцал үгүй болж, эвлэрэл нэгдлийн шан тавигдана” хэмээн захисан.
Ингээд МАН харьцангуй тайван нөхцөлд Их хурлаа хийснээс гадна Бага хурлаа шинээр байгуулж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан, нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх нарыг улираан сонгов. Мөн Удирдах зөвлөлийн 29, Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнийг тус тус сонгосноор намын удирдлагын шинэчлэл дуусгавар боллоо. /УЗ болон ХЕХ-ны гишүүдийн нэрсийг дараах холбоосоор харна уу/
Эрх баригч нам 2020 онд УИХ-ын сонгуульд ямар амжилттай оролцох нь Их хурлаас хойш хийж хэрэгжүүлэх ажил, бодлогоор дүгнэдэх бөгөөд 2021 онд 100 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх нь шалтгаална хэмээн иргэд харж байна.


 
ЕРӨНХИЙЛӨГЧ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ САНАЛАА АЛБАЖУУЛАВ
 
Нийгмийг цочроосон аймшигтай гэмт хэргүүд шил шилээ даран гарч, хүүхдүүдийн аюулгүй байдал, хамгаалал хурцаар хөндөгдөж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх санаачилга гаргасан тухай мэдээлэл олны анхааралд ороод байгаа. 13 настай охин зочид буудлын өрөөнд амь насаа алдсан, таван настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хэргүүдийн дараа  Eрөнхийлөгч 10 дугаар сарын 16-нд цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж эхэлснээ анх мэдэгдсэн. "Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12 дугаар сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой" хэмээн тэрбээр тайлбарлаж байлаа.  
Харин өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Төрийн ордонд болсон "Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийн амь насыг нь хөнөөсөн этгээдэд цаазын ял оноох саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн талаар мэдэгдэв. Өөрөөр хэлбэл хуульчдын баг ажиллагаагаа дуусгаж, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилга албажиж, ажил хэргийн түвшиндээ орж эхэлжээ.
Бага насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Ерөнхийлөгчид хандан иргэдээс олноор ирүүлэх болсон тул дээрх саналыг хүргүүлжээ. Үнэхээр ч хүүхдийн эсрэг жигшүүрт гэмт хэрэг тасралтгүй гарч, олон хүүхэд золиос болж байгаа нь судалгаагаар тоо баримттай гарч байна. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн танилцуулсан илтгэлд өнгөрсөн 2016 онд гэхэд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүчирхийлсэн жигшүүрт гэмт хэрэг бүртгэгджээ. Хамгийн сүүлд буюу долоохон хоногийн өмнө Төв аймагт 7 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлснээс амь насаа алдахын ирмэг дээр ЭХЭМҮТ-д авчирч шуурхай арга хэмжээ авч охины амийг аварсан.
Ерөнхийлөгчийн хувьд бага насны хүүхдийг хөнөөсөн, хүчирхийлсэн, тарчлаан зовоосон, балмад хэрцгийгээр харьцсан этгээдэд цаазын болон хамгийн чанга ял оногдуулдаг байх ёстой гэсэн байр сууриа хатуу илэрхийлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт бүрэн эрхийнхээ хугацаанд уучлал үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Харин иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийн санаачилга болон мэдэгдэлтэй холбогдуулан хэд хэдэн төрлөөр байр сууриа илэрхийлж байна. Зарим хэсэг нь “бага насны хүүхдийг тарчлаан зовоосон адгуус мэт хүмүүст хүний эрх ярих шаардлагагүй, цаазаар авах нь дараагийн гэмт хэрэгтнүүдэд сургамж болно” хэмээж байгаа бол зарим нь “хилс хэргээр цаазлах ял оноовол уучлашгүй, залруулж боломгүй хэрэг болно” хэмээн эмээж буйгаа илэрхийлж байгаа юм. Юутай ч Монгол Улс цаазын ялыг эргэн сэргээх эсэх асуудал өнөөдрийн байдлаар гол сэдвийн нэг болж байна. Ерөнхийлөгчийн хувьд соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн УИХ шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж байгаа.


 
ОФФШОР-ЧИДТОЙ ХИЙХ “ТЭМЦЭЛ” ҮРГЭЛЖИЛСЭЭР
 
Ерөнхийлөгчийн институцитай холбоотой болсон өөр нэгэн үйл явдал нь “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд”-ын талаар Төрийн ордонд явуулсан сургалт байв. Сонгогдохоосоо өмнө ч Оффшор-ын асуудалтай хатуу тэмцэхээ мэдэгдээд байсан Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараахан “Оффшор бүсэд нуусан хөрөнгөө 49 хоногт багтаан авч ирэх” уриалга гаргаж байсан. Үүний дараа оффшор бүсээс хөрөнгө эргүүлэн татах ажиллагаа эхэлсэн талаар АТГ-аас мөн мэдээлж байв. Мөн АТГ, ЦЕГ, УЕПГ-ын удирдлагуудад энэ хэрэгт онцгой анхааран, шуурхай ажиллагаа явуулахыг даалгаж, олон улсын байгууллагаас тусламж авахыг Сангийн яаманд даалгасан.  
Харин баасан гарагт болсон сургалтад “Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч” төвийн Ерөнхийлөгч, доктор, ноён Николас Женакопоулус болон АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн Эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн шүүхийн профессор ноён Никос Пассас болон Монголын хууль, хүчний байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхний төлөөлөл оролцсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр "Бид өнөөдөр энд оффшорт нуугдсан Монголын баялгийн мөнгийг оруулж ирэх сургалт явуулахаар цугларсан. Манай төрийн байгууллагууд энэ ажлаа хийж чадахгүй байгаа учраас та бүхэнд хичээл заалгахаар энэ талаар ажилладаг, олон улсад нэртэй хүмүүсийг урьж авч ирсэн.Оффшорын дансны эздийг сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа зарлалаа. Түүнээс өмнө бид оффшор данстай хүмүүсийнхээ нэрийг мэддэггүй байсан. Одоо бол хэн гэдэг гишүүн, хэн гэдэг сайд, хэн гэдэг бизнесмэн хаана данстай байгааг мэдсэн. Дансан дотор нь хэд байгааг мэдэхгүй байгаа. Энэ ажилд практик ажил хийдэг Николас Женокопоулус, Никос Пассас нар зөвлөгөө өгнө.Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү бодитой санал, санаачилга, тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа Монгол Улс дахь авлигыг таслан зогсоох, оффшор бүсэд нуугдсан Монголын ард түмний баялгийн нэгээхэн хэсгийг буцааж авчрахад томоохон хувь нэмэр болно хэмээн найдаж байна" хэмээсэн. 
2013 оноос хойш Оффшорын асуудлаар дагнан судалгаа хийж байгаа ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч Ц.Туяацэцэг энэ үеэр “АТГ-ын удирдлагыг ямар нэг улстөрийн нөлөөгүй томилдог байх, Улсын Прокуорорын Ерөнхий газрын энэ чиглэлийн бүтцийг өргөтгөж чадварлаг мэргэшсэн ажилтнуудаар бүрдүүлэх, тэдгээр хүмүүсийн ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор хангалттай мөнгө төгрөг төсөвлөдөг байх, Швейцарь улстай харилцан туслах гэрээ байгуулах” зэрэг хэд хэдэн анхаарал татахуйц асуудал байгааг хэлж байв. Түүнчлэн  Засгийн газраас баталсан “оффшор бүс”-ийн жагсаалтыг бодитой бус учир нэн даруй өөрчлөх шаардлагатайг мэдэгдэж байсан.
Ямартаа ч УИХ-аас Оффшор бүсэд хөрөнгөө нуун дарагдуулахын эсрэг хуулийн зохицуулалтыг баталж, Засгийн газраас оффшор бүсийн жагсаалтыг гаргасан дээр Ерөнхийлөгчийн эхлүүлсэн “шахалт” хавсарвал тэрхүү бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг Монгол руу эргэн татах ажиллагаа амжилттай өрнөнө гэсэн хүлээлт хэдийнэ үүсээд байна.


 
НИЙСЛЭЛ ХУУЧИН ТӨСВӨӨ ТОДОТГОЖ, ШИНЭ ТӨСВӨӨ ӨРГӨН БАРИВ

НИТХ өнгөрөгч долоо хоногт хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Даваа гарагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж, баасан гарагт НИТХ хуралдаж, Төсвийн тодотголоо батлав. Улсын төсөвт тодотгол оруулсантай холбогдуулан Нийслэлийн төсвийг мөн тодотгох шаардлагатай болсон бөгөөд нийслэлийн төсвийн орлого 2017 онд батлагдсан дүнгээс 12 тэрбум 227.4 сая төгрөгөөр буурч, 686.4 тэрбум төгрөг, хотын шуудын орлого 523.6 тэрбум төгрөг, хотын шуудын урсгал зардал нийт 2 тэрбум 125.6 сая төгрөгөөр буурч, 308 тэрбум 755.5 сая төгрөг болгов. Мөн 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 159 тэрбум 969.9 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 33 тэрбум 122.9 сая төгрөгийн нийт 193 тэрбум 092.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг  хэрэгжүүлэхээр болжээ.
Хотын дарга С.Батболдын өгсөн мэдээллээр нийслэлийн 2017 оны төсвийн орлого өнгөрсөн сарын эцсийн байдлаар 34.3 тэрбум төгрөгөөр тасарчээ. Мөн энэ оны 11, 12 дугаар сард орох төсвийн орлого 4 тэрбум гаруй төгрөгөөр тасрах төлөвтэй байгаа аж. Тиймээс энэ онд нийслэлийн төсвөөр хийхээр төлөвлөсөн арга хэмжээнээс гэрээ байгуулаагүй, худалдан авах арга хэмжээг зарлаагүй төсөл, ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа төслүүдийн санхүүжилтийг бууруулж, 2018 оны төсөвт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
 
Төсөвтөө тодотгол оруулж баталсан нийслэл улмаар ирэх оны төсвийн төслийг баасан гарагт өргөн барив. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барьсан төсөлд, ирэх 2018 онд нийслэлийн төсөвт 729.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2017 оны батлагдсан төсвөөс 73.7 тэрбум төгрөгөөр буюу 13 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Үүнээс суурь зардал нь 323 тэрбум төгрөг, улсын төсөвт төвлөрүүлэх орлого нь 208.5 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Ирэх онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжлэх бөгөөд 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд инженерийн дэд бүтэц татах санхүүжилтийг суулгасан байна.

Түүнчлэн 2018 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 16.3 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд энэхүү хөрөнгийг нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Улмаар ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 58 хувийг Хувь хүний орлогын албан татвараас бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна.
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ирэх онд Замын цагдаагийн өмнөх уулзварын ажил, Сонсголон, Яармагийн гүүр болон Налайх, Чойрын замын ажлуудыг  эхлүүлэхээр тусгасан байна. Мөн 1002 айлын орон сууцны ажил эхлүүлэхээр төсвийн төсөлд тусгасан бөгөөд  2020 он хүртэл түрээсийн орон сууцыг дор хаяж 10 мянгад хүргэнэ, БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн  хөрөнгөөс нийслэлийн алслагдсан хороод болох Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шаргаморьт, Дарь-Эх, Гачуурт зэрэг газарт усан сан байгуулах болон инженерийн дэд бүцийн шугам татахад зарцуулна зэрэг хэд хэдэн онцлог ажил ирэх онд хэрэгжүүлэхээр байна.
Хуулийн дагуу нийслэлийн төсвийг ирэх 12 дугаар сарын 5-наас өмнө батлах ёстой. Тиймээс ирэх өдрүүдэд нийслэлийн хувьд төсвөөр “амьсгалах” бололтой.


 
ТЭРТЭЭ 93 ЖИЛИЙН ӨМНӨ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ,
УЛСАА ТУНХАГЛАСАН ТҮҮХЭН ӨДӨР
ТОХИОВ
 
Үйл явдлаар дүүрэн өрнөсөн өнгөрөгч долоо хоногийн төгсгөл буюу ням гарагт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ тунхагласны 93 жилийн ой буюу “Улс тунхагласны баяр”-ын өдөр тохиолоо. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан түүхтэй.
 
Монголын түүхэнд нэн чухал ач холбогдолтой энэхүү өдрийг жилийн жилд улс нийтээрээ тэмдэглэж ирсэн ч 2012 оноос "нийтээр тэмдэглэх баярын өдөр" болгон хуульчилсан юм.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 15 дахь жилдээ зохион байгуулж буй 16 настнуудын “Иргэний андгай өргөх” ёслол Төрийн ордонд болж, 16 нас хүрч буй 64 мянган залуусыг төлөөлөн 850 сурагч оролцов. Тэд УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг, спорт, бизнес, нийгмийн салбарын шилдгүүдээс иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай уншсан юм.

*******

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн гол үйл явдлыг тоймлон хүргэхэд ийм байна. Харин ирж буй долоо хоногт УИХ-аар банкны салбарын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн томоохон хуулиудын хэлэлцүүлэг эхэлж, нийслэл хэмээх их айл ирэх оны төсвөө хэлэлцэх гэж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ