Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт хоёр өдөр ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-07 17:41:20

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт хоёр өдөр ажиллалаа. Тэрээр “Эрдэнэт хивс”, “Эрдэнэт гурил”ХХК, “Анд-Энерги” лед гэрлийн үйлдвэртэй танилцсан юм. Айлчлалын зорилго нь үндэсний болон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй томоохон үйлдвэрүүдтэй танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсоход чиглэгджээ. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ, “ Эрдэнэтийг бид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар л төсөөлдөг байсан. Тэгвэл энэ ойлголт, хандлага өөрчлөгдөж “Эрдэнэт хивс”, “Эрдэнэт гурил” зэрэг томоохон үйлдвэрүүд тухайн орон нутаг төдийгүй Монголын зах зээлд өөрийн хувь нэмрээ оруулж байгаад таатай байна” гэсэн юм. 
Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Эрдэнэт хивс” ХХК-ийн удирдлагууд хэд, хэдэн асуудал хөндөж байлаа. Тодруулбал, дотоодын үйлдвэрлэгчдээ түүхий эдээр хангах, Чингис бондоос хийгдсэн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацааг уртасгах, үйлдвэрийн Цэвэрлэх байгууламжийг хөнгөлөлттэй болон урт хугацааны зээлээр барихад төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэв. Мөн “Эрдэнэт хивс” ХХК нь гадны арав гаруй улсад өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тул төрийн зүгээс дэмжлэг нэн шаардлагатай байдаг тухай онцоллоо. 
“Эрдэнэт хивс” компани нь дотоодын хивсний зах зээлийн 75 хувийг дангаараа хангадаг. Өнгөрсөн жилүүдэд техник, технологийн шинэчлэлт хийж бүтээгдэхүүнийхээ чанар, хийцэд онцгой анхаарсаар ирсэн. Тухайлбал, нано технолгийн даавуу үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд