Ж.Галбадрахад Японы төрийн дээд шагнал “Мандах наран” одонг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-06 21:48:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрахад “Мандах наран” одонг гардуулах ёслол өнөөдөр  Япон улсын Элчин сайдын өргөөнд боллоо.



Тус ёслолыг нээж Япон Улсын Элчин сайд М.Такаока хэлсэн үгэндээ, "Би Элчин сайдын ажлаа аваад жил орчим болж байна. Энэ хугацаанд олон хүнтэй уулзсанаас Ж.Галбадрах багштай хийсэн уулзалт миний сэтгэлд тод үлджээ. Тэрбээр япон маягийн сургалтын системийг Монголд нэвтрүүлэн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Япон Монгол хоёр орны харилцан ойлголцлыг лавшруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний япон боловсролын тогтолцоонд үндэслэн байгуулсан сургуулиуд нь хэр амжилттай явааг та бүхэн сайн мэднэ.  Ж.Галбадрах багш нэг удаа надтай уулзахдаа, "Манай сургуулийг төгсөгчдийн тоо 10 мянга хүрсэн үед Монголын нийгэм өөрчлөгдөнөц хэмээн хэлж байсан нь санаанд тодхон байна. Тэр хүртэл ямар хугацаа орохыг хэлж мэдэхгүй ч түүний хэлсэн үг биелнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч Япон улсын Цог жавхлант Эзэн хаанаас түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналаар шагнасан юм. Ингээд түүний цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье" гээд шагналыг гардуулан өгөв.



Үүний дараа Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах эх орондоо Японы сургалтын тогтолцоог хэрхэн нэвтрүүлсэн түүхээсээ болон сэтгэгдлээсээ хуваалцсан. Тэрбээр 1995 онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Ямагата их сургуульд суралцаж байх үедээ анх Монголд уг системийг нэвтрүүлэх санаагаа олж, олон амаргүй давааны ард гарсны дүнд 2000 оны 10 дугаар сарын 5-нд Шинэ Монгол ахлах сургуулиа анх байгуулсан.Түүний энэхүү уйгагүй оролдлогод гэр бүл, үр хүүхэд, хамт олон үүний зэрэгцээ япон найз нөхөд, хамтрагч түншүүд нь ихээхэн оролцоотой байсныг яриандаа тэмдэглэсэн юм.

Тэрбээр цааш хэлэхдээ, "Өдгөө тус сургуулийг дүүргэсэн 372 төгсөгч арлын орны их дээд сургуульд суралцаж байгаа. Зөвхөн нэг сургуулиас Японд ийм тооны төгсөгч их дээд сургуульд сурдаг нь тухайн улсдаа содон сонсогддог. Түүний зэрэгцээ дотоодын их дээд сургуулиас дэвшин суралцсан болон магистр, докторын сургалтад суралцсан оюутны тоог нэмвэл тус сургуулийн 400 гаруй төгсөгч Япон улсад суралцсан ба өдгөө уг сургуулийг дүүргэсэн төгсөгчид Засгийн газрын тэтгэлэг болон ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр сурч байна. Ивээн тэтгэгчид оюутнуудыг захирлын гарын үсэгтай л бол шууд авдаг. Энэ нь бидэнд үзүүлж буй том итгэл, бас хариуцлага. Тус тэтгэлгийг мөнгөн дүнгээр авч үзвэл 9 сая ам.доллар болж байна. Дунд сургуулийн захирлын гарын үсэг 9 сая ам.доллараар үнэлэгдэж, Монголын боловсролд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Дээрх тооноос харахад, Шинэ Монгол сургууль Япон-Монголын хооронд "амьд гүүр" босгож чаджээ" хэмээн онцоллоо. 

Уг ёслолын арга хэмжээний Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон түүний гэр бүл, үр хүүхэд, ажлын хамт олон, урлаг соёлын алдартнууд оролцов.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ