Баруун талын сумд руу чиглэсэн авто замд байнгын пост байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-12-07 09:01:45
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад, Баяндалай, Гурвантэс сумын чиглэлийн авто замын дагуу пост барихаар төлөвлөж байна.
Тус аймаг нь баруун талынхаа сумдыг өөрийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай замаар холбохоор 81 км зам тавиад байгаа юм. Харин уг замыг арчлах хамгаалах шаардлага гарч байгаа тул ийнхүү пост байгуулан зам ашигласны төлбөр авахаар болоод байна.
Баруун сумдын уурхай руу хүнд даацын авто машин болон аялал жуулчлалтай холбоотой өөр аймаг хотын машин ихээр зорчдог. Тиймээс Даланзадгад, Баяндалай чиглэлийн замд хяналт тавьж, төлбөр хураах цэг байгуулахаар болсон юм. Үүнд манай аймгийн улсын дугаартай авто машинууд хамаарахгүй гэж албаны хүмүүс мэдэгдлээ.  
Энэхүү хатуу хучилттай авто замд төлбөр хураах цэгийг барьж байгуулах зураг төсөл боловсруулах ажлыг орон нутгийн “Хос бор морь” ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна. Уг зураг төслийн дагуу  тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. Уг постыг орон нутгийн 160 сая төгрөгийн санхүүжилтээр ирэх оны хавраас эхлүүлнэ.
Харин аймгийн иргэд Улаанбаатар, Даланзадгадын чиглэлд ийм пост тавьсангүй, өөрсдийн хөрөнгөөр барьсан замаасаа хураамж авах гэлээ гэж сошиал ертөнцөөр нэлээн шүүмжилсэн. Гэтэл Зам, тээврийн, хөгжлийн яаманд Улаанбаатар-Даланзадгадын чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуу төлбөр хураах цэг байгуулах саналыг аймаг орон нутгийн зүгээс тавьсан боловч Дундговь аймгийн улсын чанартай автозамд  пост байгуулсан тул Өмнөговь аймагт байгуулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн ажээ.
Д.Мишигсүрэн 
Холбоотой мэдээ