Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзан, Төсвийн хуулийн заалтыг хэвээр үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-07 12:14:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 51 гишүүнээс 82.4 хувь нь дэмжсэнгүй. Улмаар хоригтой холбогдуулан тогтоол баталж, 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хүчинтэй хэвээр үлдэв. 

Ерөнхийлөгч 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавихдаа УИХ төсвийн алдагдлыг багасгах боломжийг ашиглаагүй, алдагдал ДНБ-ий 9.5 хувьд хүрсэн, зураг төсөл нь хийгдээгүй обьектод зориулж хөрөнгө оруулалтын зардал тавьсан зэрэг хэд хэдэн шалтгааныг үндэслэсэн юм. Ерөнхийлөгчийн үндэслэлийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авсан. 
Гишүүдийн зүгээс төсөвт хориг тавьсан үндэслэл хангалтгүй, буруу сонгосон, мөн ОУВС болон олон улсын байгууллагуудыг буруутгасан нь тун тохиромжгүй үйлдэл болсон зэрэг байр суурь хэлж байв. Харин АН-ын бүлгийн гишүүд зураг төсөлгүй объёктод хөрөнгө оруулалт суулгасныг ихээр шүүмжилж, 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хоригт УИХ-ын гишүүдэд 3 тэрбум төгрөг суулгасан гэж бичсэн байсан. Миний нэртэй тойрогтоо зарцуулах 3 тэрбум хаана байна вэ. Багийн Засаг даргад 30 сая төгрөгөөр машин авах юм байгаа юм уу. Мөн Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Японоос 850 сая ам.доллар авна гэлээ. Алдагдалгүй төсөв баталж болдоггүй юм уу" гэхэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "2018 оны төсөвт УИХ-ын гишүүний гэсэн мөнгө огт байхгүй. УИХ-аар улсын төсвийг батлах явцад 58 тэрбумын хөрөнгө оруулалт нэмэгдүүлсэн. Эхэлчихсэн ажлыг 2018 онд дуусгахын тулд хөрөнгө оруулалтыг нэмсэн" гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсвөө алдагдалгүй болгочихвол өр буух боломж бүрдэнэ. Сүүлийн 5 жил үргэлжилсэн  бодлогын алдаанаас болж, төсөв алдагдалтай явж ирсэн. Төсвөөс гадуур хэрэгжүүлээд явсан хөтөлбөрийг төсөвт суулгахаар алдагдал өсөж байгаа. Тухайлбал, 2012 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 12.9 хувь, 2015 онд 8.1 хувь, 2016 онд 17.5 хувьтай тэнцэж байсан. 2017 онд төсвийн алдагдал 9 гаруй хувьтай гарахаар байгаа. 2018 онд төсвийн алдагдлыг 8 хувьд оруулахаар батлуулсан. Ингэхээр төсвийн алдагдлыг 2017 оныхоос 400 тэрбумаар буулгасан. Олон жил төсөв алдагдалтай явж ирснийг огцом буулгах боломжгүй. Төсвийн сахилга батыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Төрийн мөнгийг Төрийн сангаас гаргаад арилжааны банкуудад байршуулдаг болсон байна. Төр өөрийнхөө мөнгийг банкинд байршуулчихаад эргүүлээд өндөр хүүтэйгээр авдаг тогтолцоо ужгирсан байна. Энийг засахаар ажиллаж байна. Өндөр хүүтэй авдаг зээлийг багасгая. Өмнөх өндөр хүүтэй авсан зээл, үнэт цаасыг бага хүүтэй зээлээр солихоор ажиллаж байна. Зээлийн хүүгийн зардлыг бууруулахад Сангийн яам онцгойрч ажиллаж байна" гэж нэмж хариулав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Өмнөх парламентын үед зураг төсөлгүй ажил, төсөв хэлэлцэх үеэр гэнэт оруулж ирдэг, тойрогтой холбоотой хөрөнгө оруулалтын зардлыг алга болгосон байсан. Шаардлагатай улсын хөрөнгө оруулалтыг нэмнэ үү гэхээс тойргийн юм оруулдаггүй байсан. 125 арга хэмжээний хөрөнгийн зардлыг хэмнэх бололцоотой. Одоо багийн даргын машиныг шинэчлэх гэж байна. Энийгээ больчих л гэж байгаа юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийг баталсан гэх ч цалин, тэтгэврийг тодорхой нэмсэн. Харин хүүхдийн мөнгийг зорилтот 60 хувьд нь өгөхөөр болсон. Хүүхдүүдийг ялгаварлаж байна. Тиймээс би энэ хоригийг хүлээж аваасай гэж хүсч байгаа юм” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ерөнхийлөгчийн хоригийг энэ удаад хүлээж авах боломжгүй юм. Мэдээж, цэвэр өөгүй төсөв биш. Алдаатай зүйл байгаа байх. Бид эдийн засгаа дампуурлын ирмэгт авчирсан. Үүнийг эмчлэхийн тулд бид УИХ, Засгийн газартайгаа ярьж байгаад Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч ажиллаж байна. Тиймээс ОУВС-г буруутгах шаардлага байхгүй. Харин ч тэдэнд баярлаж, эдийн засгаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Энэ нь ОУВС-гаас гадна бидэнд хэрэгтэй. Үүнийг УИХ-ын гишүүд тэр дундаа Засгийн газрын гишүүд ойлгуулж байх хэрэгтэй" гэсэн юм.
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 82.4 хувь нь Монгол Улсын 2018 оны төсвийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй. Улмаар хоригтой холбогдуулан тогтоол баталж, 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хүчинтэй хэвээр үлдэв. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ