Улсын Филармонийн ойн баярын тоглолтод 180 гаруй уран бүтээлч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-12-07 17:25:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Филармони үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойд зориулсан баярын концерт энэ сарын 15-нд Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Хоёр цаг үргэлжлэх тус тоглолт өвөрмөц дуугаралт, гайхамшигтай орчин, шинэ хэв маягийн тайз засалт, мэргэжлийн уран бүтээлчдийн сэтгэл сэргээм тансаг хөг аялгууг үзэгчдэд мэдрүүлж, мартагдашгүй дурсамж үлдээх болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Өөр өөр, төрөл жанр, дуугаралт бүхий мэргэжлийн 180 гаруй гаруй уран бүтээлч нэгэн тайзнаа цуглах тоглолтод Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал, Морин хуурын чуулга, Улсын Филармонийн нийт уран бүтээлчид оролцох юм. Мөн урилгаар МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, СТА С.Мөнгөнцэцэг Б.Энхнаран, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар ая дуугаа өргөнө.  
20, 40 мянган төгрөгийн үнэтэй тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн тасалбарын касс онлайн худалдааны https://www.ticket.mn/event/date/833/ сайтаар худалдаалж байна. 

Дашрамд дурдахад, 1972 онд Соёлын яамнаас Улсын Филармони байгуулж концертын байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гарч байжээ. Тэр цагаас хойш хөгжмийн их хүрээлэн хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баян Монгол жазз найрал хөгжим, Улсын Филармонийн гоцлол дуучид, захиргаа удирдлагын ажилчдаас бүрдсэн их айл энэ жил 45 дахь жилтэйгээ золгож байна.              
 
Ж.Болор
Холбоотой мэдээ