Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Хятадын байгалийн хийн төсөлд санхүүжилт олгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-12-11 18:17:22
БЭЭЖИН. /Шиньхуа/. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ Хятад дахь анхны зээлийн төслийнхөө санхүүжилтийг баталсан тухай “Шиньхуа” агентлаг мэдээлэв.
 
АДБХОБ-наас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус  банк Хятадын 510 орчим тосгоны 216750 айл өрхийг байгалийн хий түгээх сүлжээнд холбох төсөлд 250 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулах зорилгоор өнгөрсөн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус банк Хятадад анхны санхүүжилтээ олгосон нь энэ  юм.
Энэхүү төслийн ачаар жилд агаарт ялгарах хүлэмжийн хийн хэмжээ 595700 тонноор, үүний дотор агаар бохирдуулагч PM 2.5 хэмээх нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ 3700 тонноор багасна гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

АДБХОБ-ны Ерөнхийлөгч Зинь Лицюнь хэлэхдээ “Нүүрснээс хамааралтай байдлаа багасгах амлалтаа Хятад улс ажил хэрэг болгохын сацуу ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулж, байгаль орчноо хамгаалж байна. Тиймээс бид энэ төсөлд хөрөнгө оруулж байна” гэжээ.
 
Байгалийн хий түгээх шугам сүлжээ барих төслийг 2021 он гэхэд хэрэгжүүлж дуусах аж.

Г.Доржханд
Холбоотой мэдээ