Барилгын салбарын 2017 оны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-12-16 13:34:57
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Барилга угсралт, зураг төсөл, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн барилгын салбарын оны шилдгүүдийг тодруулсан байна.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилга.МН хамтран “ИХ БАРИЛГА 2017” оны шилдгийн шилдгүүдийг нэрлэж шагналыг гардуулав.

Шилдэг Зураг төслийн байгууллага номинацид “Интеллект тауэр” ХХК шалгарсан байна. Тус компани “Кэй Би Тауэр” 24 давхар барилгын бүтээцийн гүүр, хонгил, гадна лифт, дотор инженерийн шугам сүлжээ,  “Наадам центр”-ийн Авто зогсоол үйлчилгээний барилгын ажлын иж бүрэн зургийг хийжээ. Түүнчлэн Нарны хорооллын 2,3-р ээлжийн хотхоны барилгын техникийн зураг төслийг гүйцэтгэснийг ийнхүү үнэлжээ.
Харин Шилдэг Төсөл санаачлагч байгууллагаар “Хараа сүмбэр” ХХК тодорсон байна. Эл компани нь энэ онд 3 900 тонн хуурай хольц, 390 тонн цийдмэг будаг, 117,000 м2 EPS полистролон блок үйлдвэрлэх хүчин чадал бүхий  хамгийн сүүлийн үеийн техник, технологиос бүрдсэн байгаль орчинд хор нөлөөгүй үйлдвэрлэлийг нэвтрүүлжээ.


Мөн барилгын Шилдэг Ханган нийлүүлэгч байгууллагаар  “Ультрасоник” ХХК шалгарлаа. Тус компани нь Герман улсаас амины орон сууц, өрөө тасалгааны цахилгаан халаалт, халуун усны шийдэл, шугам хоолойн шийдэл, цэвэрлэх байгууламжийн шийдэл бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ногоон техник, технологиудыг Монголдоо нэвтрүүлжээ.

Шилдэг Ногоон техник, технологи нэвтрүүлэгч байгууллагаар тодорсон “Жи Эс Дорнын хөгжил” ХХК стандартын чанарын шаардлагыг хангасан, хаягдалгүй, байгаль орчинд ээлтэй эко хөнгөн бетон блокны үйлдвэрлэлийг эрхэлж дулаан зарцуулалт, уур, ус, цахилгааны эрчим хүчийг 10-20 хувиар бууруулах технологийг нэвтрүүлсэн байна.

2017 оны Шилдэг үйлдвэрлэгч байгууллагаар  “Пирамид индастри” ХХК-ийг нэрлэсэн байна.
Тус компани таван дулаалгын хөөсөнцөр хавтан чулуун өнгөлгөөний материалыг Монголд анхлан нэвтрүүлснийг нь үнэлжээ.

Шилдэг Гүйцэтгэгч байгуулагаар  “БҮТИ” ХХК болон  “ЧММ” ХХК тодорлоо. “БҮТИ” ХХК 2017 онд “Кэй Би Тауэр” оффисийн барилгын дотор  засал, “Гүнжийн хотхон” 30 айлын таун хаус төслүүдийн барилга бүтээцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ.  “ЧММ” ХХК 2017 онд “БГД-ийн 10, 11, 12-р хорооны гадна шугам сүлжээг өргөтгөх, шинээр Дулаан дамжуулах төв барих” төслийг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн нь 7-р бичил хороолол орчмын утааны эх үүсвэрийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан аж.

Шилдэг орон нутгийн бүтээн байгуулалт шагналыг Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим хүртлээ.Тус танхим үндэсний компаниудтай хамтран “Эко дулаан, барилгын төвлөрсөн шийдэл бүхий 24 айлын “Жишиг сууц” төслийг Хэнтий аймгийн Баян-овоо суманд хэрэгжүүлжээ.

Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар “Хурд” групп шалгарсан байна. “Хурд” групп 2017 онд “Кэй Би Тауэр” оффисын төсөл, “Наадам центр” төсөлд нийт 135 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж төслийн хугцаанд 254 гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан 1500 хүнийг шууд ажлын байраар ханган ажилласныг нь ийнхүү үнэлжээ.

Салбарын шилдэг манлайлагчаар Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч Л.Ариунболдыг тодрууллаа.

Тэрээр Монголын анхны галд шатдаггүй чулуун хөвөн тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн төслийг санаачлан Basaltwool брэндийг бий болгосон төдийгүй дулаалгын аяныг эхлүүлэн агаарын бохирдолтой тэмцэхэд үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

“ИХ БАРИЛГА 2017” Гранпри шагналыг “ Номин констракшн девелопмент” групп хүртлээ. Тус компани “Ривер гарден”, “Тайм Скүэр” төсөл, “Гарден Сти” төслүүдийг хэрэгжүүлэхдээ дэлхийн стандартад нийцсэн чанар, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, ногоон үйлдвэрлэл, эко бүтээн байгуулалтыг цогцлоон, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж барилгын салбарынхан дүгнэжээ.
Б.Заяа
Холбоотой мэдээ