2018 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татаж болзошгүй "хар хунгууд"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-01-04 17:42:50
БЭЭЖИН. /Шиньхуа/. Өнгөрөгч оноос сэргэж эхэлсэн дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 онд зарим “хар хун”-гийн улмаас дахин саарч болзошгүй гэж Хятадын ажиглагчид анхааруулж байна гэж Хятад улсын "Шиньхуа" агентлаг мэдээллээ.

XVII зуунд Австралид хар өнгөтэй хун шувуу үзэгдсэнээр “Хун бүхэн цагаан өнгөтэй” гэсэн дэлхий нийтийн үзэл бодолд томоохон “хувьсгал” гарсан юм. Тэр цагаас хойш дэлхий дахины өмнө тулгарч болзошгүй томоохон аюул эрсдлийг “хар хун” хэмээн нэрлэх болжээ.
 
БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн судлаач Жан Мин мэдэгдэхдээ “Бидэнд ямар ч "хар хун" харагдаагүй нь өнгөрөгч онд дэлхийн эдийн засаг тогтворжиж, дэлхий эдийн засгийн өсөлт сэргэж  эхлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг юм” гэжээ.
 
Дэлхийн эдийн засаг 2018 онд 3.5 хувиар өснө гэж Дэлхийн эдийн засаг ба улс төрийн хүрээлэн урьдчилан таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, тус хүрээлэн нь  энэ онд дэлхийн эдийн засгийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд, тухайлбал ОУВС-гийн тооцоолсноос бага хувиар өснө гэж үзэж байна. Энэ онд дэлхийн эдийн засаг 3.7 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг ОУВС өнгөрөгч оны 10 дугаар сард дэвшүүлж байсан юм.

БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн өөр нэгэн судлаач болох Яо Жыжун ярихдаа “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөс үүсэх,  улс орнуудын өрийн хэмжээ нэмэгдэх, геополитикийн зөрчилдөөн зэрэг эрсдлүүд нь 2018 онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарахад хүргэж болзошгүй” гэв. Түүний хэлснээр, ажиглагчдын анхаарлын төвд хэд хэдэн "хар хун" байна.

Эдгээр "хар хун"-гийн нэг нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Тодруулбал, дэлхийн  болон Ойрхи Дорнодын улс орнууд хоорондын эрх мэдлийн төлөөх урт хугацааны тэмцэл энэ онд улам бүр гүнзгийрч, улмаар дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ хэлбэлзэхэд хүргэж болзошгүй. 
 
Мөн Италийн парламентын сонгууль хэд хэдэн “хар хун”-г бий болгож болзошгүй гэнэ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 4-нд болох бүх нийтийн сонгууль нь Италийг Еврогийн бүсээс гарах эсвэл урт хугацаагаар гаргасан бондуудынхаа улмаас дампуурлаа зарлахад хүргэж, улмаар Европын эдийн засгийн сэргэлтийг зогсоож болзошгүй.

Даяаршлын эсрэг чиг хандлага нь 2017 онд томоохон эдийн засгуудад төдийлөн сөргөөр нөлөөлөөгүй. Тэгвэл энэ онд Д.Трампын засаг захиргаа худалдааны бодлогодоо ямар нэгэн өөрчлөлт оруулснаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татаж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.
 
Түүнчлэн геополитик болон худалдааны зөрчилдөөн зэрэг бусад асуудал нь хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлж, хөгжиж буй эдийн засгуудын төлбөрийн тэнцлийг алдагдуулж болзошгүй гэнэ.
 
Судлаач Жан ярихдаа “Хэрвээ бид гарч болзошгүй эдгээр эрсдэлд анхаарлаа ихээхэн хандуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч чадвал "хар хун"-гуудын нөлөөг багасгаж чадна” гэжээ.
 
 
Г.Доржханд


Холбоотой мэдээ