З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-08 11:54:56

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилох тухай хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанд БХБ-ын сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа.

З. Баянсэлэнгэ 1991 онд Нийслэлийн 35 дугаар дунд сургууль,  1994 онд Дархан хотын Анагаах ухааны сургуулийг бага эмч мэргэжлээр,  2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996-1999 онд НЦГУТ-д бага эмч, 2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2003- 2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2007-2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч,  2008-2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байв.

З.Баянсэлэнгэ УИХ-ын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар  “МАХН-МҮАН”-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байв.  Англи, орос хэлтэй.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “З.Баянсэлэнгэ нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлж, танхимын зарчмаар ажиллах чадвартай. Мөн удирдан зохион байгуулах чадвар өндөр тул БХБ-ын сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байна" хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигч болон Ерөнхий сайдаас асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Томилогдсон даруйд тань яамны удирдлагууд танд ажлаа тайлагнах байх. Гэхдээ нэн тэргүүнд салбартаа ажиллаж буй ТББ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаарай. ТББ-уудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал богино хугацаанд их ажил амжуулах санал, санаачилга гарах болно” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд хүргүүлэх болов

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд