Дэлхийн эдийн засаг энэ онд 3.1 хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-01-10 13:36:34
ВАШИНГТОН. /Шиньхуа/. 2018 онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг Дэлхийн банк дэвшүүлэхийн сацуу “Дэлхийн эдийн засгийн сэргэлт өргөн хүрээг хамрах болно” гэж мэдэгдсэнийг Хятадын төрийн мэдлийн “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
2018 онд дэлхийн эдийн засгийг дээрхээс 0.2 хувиар бага буюу 2.9 хувиар өснө гэсэн таамгийг Вашингтонд төвтэй  Дэлхийн банк өнгөрөгч оны зургадугаар сард дэвшүүлж байсан юм.

Тус банкнаас мягмар гарагт буюу өчигдөр гаргасан мэдэгдэлд “2018 он бол 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралаас хойш дэлхийн эдийн засаг бүрэн хүчин чадлаараа “ажиллаж эхлэх" гэж буй жил юм” гэжээ.

2016 онд дэлхийн эдийн засаг сэргэж эхлэн 2.4 хувиар өссөн юм. 2017 онд дэлхийн эдийн засаг 3 хувиар буюу 2011 оноос хойших хамгийн өндөр хувийн өсөлттэй гарна гэж тус банк тооцоолоод  байгаа билээ.
 
2017 онд дэлхийн улс орнуудын талаас илүү хувийнх нь эдийн засгийн өсөлт нэмэгдсэн нь дэлхийн эдийн засаг мэдэгдэхүйц сэргэж буйн тод илрэл гэж Дэлхийн банкны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт дахин саарснаар 2019 онд 3 хувь, 2020 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
 
Төв банкууд нь мөнгөний нийлүүлэлтийг багасгах буюу мөнгөний хатуу бодлого баримтлахаас аажмаар татгалзаж магадгүй учир хөгжингүй улсуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 2017 оныхоосоо ялимгүй бага хувиар буюу 0.1 хувиар сааран 2.2 хувиар өсөх төлөвтэй байгаа гэнэ.
 
Харин хөгжиж буй улсуудын эдийн засгийн өсөлт 2017 оныхоос 0.2 хувиар өндөр буюу 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. Хөгжиж буй улсуудын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд 4.7 хувь болж нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
 
Дэлхийн банк 2018 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа  мөн шинэчилсэн байна. Тодруулбал, Хятадын эдийн засаг 2018 онд өнгөрсөн зуны таамгаас 0.1  хувиар өндөр буюу 6.4 хувийн өсөлттэй гарахаар байгаа аж. Харин Хятад улсын эдийн засгийн тэвцвэрт байдлыг хангах, зээлийн өсөлтийг сааруулах бодлоготой холбоотойгоор 2019  онд эдийн засгийн өсөлт нь 6.3 хувь болж буурах төлөвтэй байна.

Дэлхийн банкны Эдийн засгийн хөгжлийн хэтийн төлвийн судалгааны бүлгийн захирал Айхан Косэ өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хятад улс хэт үйлдвэрлэлийг багасгаж, санхүүгийн тогтолцоон дахь эрсдлүүдийг хянах арга хэмжээнүүд цаашид үргэлжлүүлэн авсаар байх хэрэгтэй” гэжээ.
 
Тэгвэл Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким хэлэхдээ “Дэлхийн эдийн засгийн сэргэлт өргөн цар хүрээг хамарч эхэлж байгаа ч санаа амрах болоогүй. Хүний болон биет капиталд дэлхийн улс орнууд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Дэлхийн бодлого боловсруулагчид эдгээр гол хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулснаар улс орнуудын бүтээмж, ажиллах хүчнийг нэмэгдүүлж, үгээгүй ядууралд цэг тавих зорилгоо биелүүлэхэд илүү ойртож, нийтээрээ хөгжин цэцэглэх боломж бүрдэх болно” гэсэн байна.

Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ