Хууль зүйн доктор Ж.Болдбаатар лекц уншиж үзэсгэлэн гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-11 14:30:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар “Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага” сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхимд өнөөдөр  лекц уншиж үзэсгэлэн гаргалаа.

Тэрбээр "Цаазаар авах ялыг халах, уг ялаас татгалзах, түүнийг хязгаарлах үйл явц ХХ зууны эхэн үеэс эхэлсэн. Хэдий тийм боловч энэ нь бүрэн төгс, байгаагүй бөгөөд ихэнх улс (Монгол Улс) 1920-1940 оны хооронд уг ялыг буцаан хэрэглэх болжээ. Харин ХХ зууны төгсгөл  үед дэлхий дахинаар цаазаар авах ялыг халах хөдөлгөөн эрчимжиж, 1980 оны эцэст 30 гаруй улс, 2018 онд 98 улс түүнийг халсан. Мөн долоон улсад онцгой тохиолдолд хэрэглэх, 35 улсад ёс төдий байгаа боловч хэрэгжүүлдэггүй байна. Одоогоор  140 гаруй  улсад энэхүү ялыг халсан буюу хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн 50 улсад уг ял хүчин төгөлдөр байна. Цаазаар авах ялыг халахад НҮБ-ын конвенциуд ихээхэн нөлөөлсөн” гэсэн сонирхолтой асуудлыг хөндлөө. 

Олон улсын болон Монголын Улсын хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, практикт үнэтэй хувь нэмэр оруулсан хуульч, эрдэмтэн багш нарын туршлагаас хуваалцах зорилготой тус арга хэмжээг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Монголын хууль эрдэмтдийн холбооноос хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатарын бүтээлийн үзэсгэлэнг  дэлгэсэн нь сонирхолтой арга хэмжээ болсон байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ