Перуд 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2018-01-15 07:54:44
ЛИМА. /Ройтерс/. Перу улсад ням гарагт буюу өчигдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын Арекипа мужийн захирагч мэдэгджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар ням гарагийн үүрийн 4:30 цагийн үед Перугийн нийслэл Лима хотоос өмнө зүгт 500 орчим км зайтай орших Арекипа мужийн нутаг дэвсгэрт 36 км-ийн гүнд 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус мужийн захирагчийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсэж, зам хаагдаж, зарим газар гэрэл цахилгаангүй болсон гэнэ.

Перу болон Чилийн эрэг орчимд нэг хүртэлх метрийн өндөртэй цунами болж болзошгүй гэж Хавай арал дахь Номхон далайн цунамигаас анхааруулах төв эхлээд анхааруулсан ч нэг цаг орчмын дараа мэдэгдэл хийхдээ “Аюул холуур өнгөрлөө” гэжээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ