Д.Гантулга: Амьд хүнийг донор болгох нь амь нас, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
mn_tuul@montsame.mn
2018-01-16 17:45:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Гантулгаас дараах тодруулгыг авав.

-Донорын тухай хууль зарим нэг хүмүүст эргэлзээ төрүүлж байгаа бол нөгөө хэсэгт нь хүлээлт үүсгээд байх шиг байна. Ер нь хуулийн гол заалтаас яриагаа эхлэх үү?

-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь тархины үхжилттэй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм. Гэхдээ тухайн иргэн амьд сэрүүндээ, эсвэл нас барсан тохиолдолд ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр донор болох эсэхийг шийдвэрлэнэ. Амьд донорын тухай заалт нь арай өөр. Зөвхөн гэр бүлийн гишүүд донор байж болохоор хуульчилсан.

-Иргэд донор болох эсэх зөвшөөрлөө хэрхэн гаргах вэ?

-Тухайн иргэн амьд ахуйдаа “Би тархины үхжилээр нас барсан тохиолдолд миний эд эрхтэн өөр нэг эмчлүүлэгчид тохирч байвал шилжүүлэн суулгаж болно” гэсэн баталгаагаа эрүүл мэндийн байгууллагад гаргаж өгөх юм. Ингэснээр баталгаа гаргаж өгсөн иргэний эрхтэнийг шилжүүлэн суулгах бололцоотой болно. Өнөөдөр таарч тохирох донор хүлээж буй хүмүүс амьдрал дээр цөөнгүй бий. Энэхүү хууль батлагдсанаар тэдгээр иргэдийн амь насыг аврах бололцоо бүрдэх юм. Нөгөөтэйгүүр амьд хүнийг донор болгож, амь нас, эрүүл мэндийн хувьд эрсдэлд оруулахгүй байх давуу тал бүрдэнэ.

-Донор болох зөвшөөрлийг иргэн 25 насандаа гаргаж өгөхөөр хууль батлагдах нь бололтой. Яагаад 25 насыг сонгож авсан юм бэ?

-Юуны түрүүнд хэлэхэд, хууль тархины үхжилээр хорвоог орхиж буй хэн нэгний тухайд л ярьж байгаа асуудал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Түүнчлэн заавал өөрөө болон гэр бүлийн гишүүд зөвшөөрсөн байх юм. Олон улсын жишигт донор болох эсэхээ мэдүүлдэг насыг 18, 20 гэсэн байдлаар сонгож авсан байдаг юм билээ. 25 нас гэдэг бол ажил амьдралын гараа эхэлж бие хүн төлөвшиж тогтсон нас. Насны босгыг арай наашлуулж болох ч хүүхэд залуус анги хамт олноороо ч юм уу эсвэл найз нөхдөөрөө дарвиад донор болох саналаа гаргаж болзошгүй. Иймд хувь хүн өөрөө өөрийнхөө өмнө болоод нийгмийн өмнө бүрэн хариуцлага хүлээх чадвартай нас бол 25 нас хэмээн үзэж ийнхүү хуульчилсан. Анх хуулийн төсөлд ямар нэг нас заагаагүй. Нас заахгүй байна гэдэг бусад насны, тэр дундаа хүүхдүүдийн дунд эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж магад гэх үүднээс тодорхой нас зааж оруулж байгаа юм.

-Тэгэхээр хууль батлагдвал дээрх оноштой нас барсан хүүхдийг донор болгох тухай асуудал хөндөгдөхгүй нь гэж ойлголоо. Зөв үү?

-Тийм ээ. Огт тийм асуудал байхгүй.

-Хуулийн хүрээнд эд эрхтэн хадгалах нөөц банк байгуулах байх?

-Нөөц банкны тухай асуудал хуулинд туссан. Гэхдээ 2-8 цагийн хооронд хадгалаад шилжүүлэн суулгана. Хугацааны хувьд их богино. Харин үүдэл эсийг авч хадгалах тухайд урт хугацааны хадгалалттай байхаар хуульчилсан. 

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ