Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-17 08:58:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын удирдлага, ажилтнуудыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, цаашдын үйл ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, тус газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулах хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд, Бүс нутаг, хот байгуулалтын асуудал хариуцсан зөвлөх С.Намжилмаа нар оролцов.
-Улсын Их Хурлаар  “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай” хуулийг 2003 онд баталсан. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2007 онд “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулан батлуулж байлаа. Эдгээр хууль, тогтоол, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт ямар байна, бэрхшээл хүндрэл юу байна, цаашдын бодлого юунд чиглэж байгаа талаар та бүхний санал бодлыг сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэж уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд онцлон тэмдэглэлээ.
Өнгөрсөн оны 11-р сарын 16-нд “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлээд, “Захирамжийн дагуу 60 орчим эрдэмтнийг хамруулсан 17 дэд ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна. Бид хийх ажлынхаа календарьчилсан төлөвлөгөөг гаргасан. Төлөвлөгөөний дагуу ажиллаж, 2019 оны эхний хагас жилд багтаан бодлогын баримт бичгийг батлуулахаар ажиллаж байна” гэв.
Уг төлөвлөгөөний дагуу судалгаа хийх, мэдээлэл боловсруулах, хөгжил байршлын зураг гаргах, ирээдүйн таамаглал, стратегиа тодорхойлох, бодлого боловсруулах, иргэд, байгууллагаас санал авах, хэлэлцүүлэг өрнүүлэх, эцэст нь УИХ, Засгийн газрын шийдвэр гаргуулах гэсэн дарааллаар эдгээр ажлууд хийгдэх юм байна.
Үндэсний хөгжлийн газрын удирдлага, ажилтнууд бодлого боловсруулахад баримталж буй зарчим, зорилго чиглэл, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

1.  Бодлогын баримт бичиг олон гарсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Энэ нь төрийн нэгдмэл бодлого байнга алдагдаж байгаатай холбоотой гэж би хувьдаа үздэг. Бодлого дархлаатай, тогтвортой байх ёстой. Улсаараа нэгдмэл бодлоготой, бүсчилсэн хөгжлийн нэгдмэл тогтолцоотой болж байж үйлдвэрлэл эрчимжинэ, улс хөгжинө гэсэн зарчмыг үйл ажиллагааныхаа гол удирдлага болгох
2.  Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагааны зорилго, бүтэц, зохион байгуулалт Засгийн газар солигдох бүрт өөрчлөгдсөөр ирсэн нь хөгжлийн бодлогод муугаар нөлөөлж байна. Тиймээс цаашид энэ байгууллагын статус, бүтцийг гол зорилгод нь тухайлбал, хөгжлийн бодлого, төлөвлөлтдөө үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг болгон өөрчлөх талаар анхаарах;
3. Бүсчилсэн хөгжлийн бодлогоос буцах ёсгүй. Монгол Улсын хувьд энэ бодлого хөгжлийн ирээдүй гарцаагүй мөн гэсэн итгэл үнэмшлийг тууштай баримтлах;
4.  Хөгжлийн бодлого боловсруулахдаа хөрш болон дэлхийн улс орнуудтай, олон улсын хөгжил, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай хамтран ажиллах, бүс нутгийн интеграцитай нийцүүлэх, хоршиход анхаарахыг зөвлөв.
Түүнчлэн энэ оны хоёрдугаар улиралд УИХ-аар шийдвэрлүүлэх асуудлуудын талаар саналаа танилцуулахыг үүрэг болголоо. Тэрбээр уулзалтын төгсгөлд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах үйл ажиллагааг УИХ байнга анхаарлынхаа төвд байлгаж, дэмжиж ажиллах болно гэв.
Холбоотой мэдээ