Хацү башёг Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-18 17:40:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн тав дахь өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Чиёотайрюүг давснаар таван даваатай башёг итгэл төгс тэргүүлж байна.

Хацү башё эхний өдрөөс
л аварга цолтнуудад тун ч халгаатай байгаа билээ. Тухайлбал, 72, 69 дэх Их аваргууд дараалан 2 унаж шуугиан тарьсан. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдрөөс эхлэн бэртлийн улмаас башёг өнжихөөр болжээ. Хакүхо аваргын хувьд баруун хөлний эрхий хуруундаа ясны гэмтэл, зүүн хөлөндөө зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Тэрбээр эхний дөрвөн өдрийн байдлаар хоёр даваа, хоёр унаатай байсан юм. Мөн Сумо бөхийн холбооноос түүнд "Алгадах, тохойгоороо тулж эсрэг бөхийн довтолгоог зогсоох арга"-ыг хэрэглэж ялж байгаа нь буруу, Ёкозүнагийн нэр хүндийг унагааж байгаа учир үүнийгээ багасгах болж өгвөл хэрэглэхгүй байх сануулгыг өгөөд байгаа.

Манай 69 дэх Их
аваргаас гадна 72 дахь Япон Ёкозүна Кисеносато тун хүнд байдалд ороод байгаа бөгөөд дараалан 2 унасан тэрбээр, өнөөдөр Ёшиказед дахин ойчиж, ганц даваа, дөрвөн унаатай болоод байна. Кисеносато цаашид сайн барилдахгүй бол зодог тайлахаас өөр аргагүй байдал тулгараад байгаа юм. Мөн экс Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдрөөс башёг орхисон.

Макүүчи зиндааны тав дахь өдрийн барилдаанд Озэки Гойэдо, Точиношинд унасан бол Озэки Такаяасү, Хокүтофүжиг давлаа. Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакэүмид, Ичиножёо А.Ичинноров, Шодайд, Араваши Э.Дөлгөөн, Такарафүжид, Сококурай Ө.Энхтүвшин, Котоюүкид тус тус уналаа. Харин Чиёошома Г.Мөнхсайхан, Кайсейг давсан юм.
 

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ