Эмнэлгийн ажилтны ёс зүй, харьцаа хандлага хангалтгүй гэсэн дүн тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2018-01-30 12:33:29
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн ард иргэд орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагын  эмч, эмнэлгийн ажилтнуудын ес зүй, харьцаа хандлагад хангалтгүй дүн тавьжээ.
Учир нь 2017 оны хоёрдугаар хагаст Швецарийн хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр  Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарт “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” нэртэй найман сарын хугацаатай төсөл хэрэгжүүлсэн бөгөөд дээрх төслийн хэрэгжилтийн явцад иргэдийн онооны картаар эмч, эмнэлгийн ажилтнуудын ес зүй, харьцаа хандлагын талаар судалгаа авсан байна.
Судалгаанд оролцсон иргэдийн 80 гаруй хувь нь эмч эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, харьцаа хандлага хангалтгүй гэсэн дүн тавьсан учир тус аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын Ёс зүйн салбар хороог шинэчлэн байгуулсан байна.
Ёс зүйн салбар хороо нь гурван жилийн хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудлаар санал дүгнэлт, шийдвэр гаргах эрх бүхий орон тооны бус байгууллага бөгөөд салбар хорооны шийдвэр,  гарсан санал дүгнэлтийг  аймгийн хэмжээний эмч эмнэлгийн ажилтнууд дагаж мөрдөх үүрэгтэй аж.
Шинээр зохион байгуулагдсан ёс зүйн хорооны удирдлагууд нэгдүгээр сарын 26-нд болсон эмнэлгийн ажилтнуудын уулзалтаар 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулснаас гадна эмнэлгийн байгууллагатай холбоотой иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг цаг тухай бүрт нь танилцуулж байхаар болов.
Дашрамд дурдахад тус аймагт Нэгдсэн эмнэлгээс гадна гурван Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ