"Биткойн"-ы ханш 15 хувиар унав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-02-06 13:22:39
МОСКВА. /Спутник/. Дэлхийд  томоохонд тооцогдох зарим банк зээлийн картаар криптовалют буюу цахим валютыг худалдан авахыг хориглосонтой холбоотойгоор өчигдөр “биткойн”-ы ханш 15 хувиар унажээ.

“Спутник” агентлагийн мэдээлснээр, “Lloyds”,“Virgin Money”, “J.P. Morgan Chase”, “Bank of America”, “Citigroup” зэрэг дэлхийн банк санхүүгийн томоохон байгууллагууд зээлийн картаар криптовалютууд худалдан авахыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хориглож эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор “Bitfinex” болон “Coindesk” зэрэг арилжааны биржүүдэд “биткойн”-ы ханш өчигдөр унаж, 6700-6950 ам.доллар болсон байна.
 
Америкийн тэрбумтан Уоррен Баффет саяхан мэдэгдэл хийхдээ “Биткойны ханшийн тэсрэлт удахгүй төгсгөл болно” гэж анхаарруулсан юм.

Бараг 20 мянган ам.долларт дөхөж байсан “биткойн”-ы ханш өнгөрсөн 11 дүгээр сараас хойш унасаар байна. Үүнийг Хятадын эрх баригчид “биткойн” олборлохыг хориглох гэж байна гэсэн мэдээлэл гарсантай холбоотой гэж ажиглагчдын зарим нь үзэж байна. Хятад нь “биткойн” олборлолтоор дэлхийд тэргүүлж буй улс орнуудын нэг билээ.
 
“Биткоин” бол 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралын дараа гарч ирсэн, хамгийн өргөн дэлгэрсэн криптовалютуудын нэг. Энэ цахим төлбөрийн хэрэгсэл нь хүмүүст бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрийг уламжлалт төлбөр төлөх систем болон банкинд хандалгүйгээр төлөх боломжийг олгодог юм.

Г.Доржханд


Холбоотой мэдээ