Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-02-06 17:02:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 8-9-нд ихэнх нутаар цас орж, салхи секундэд 14-16 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурна.

Энэ сарын 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи  говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн хоёрдугаар сарын 9-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Тодруулбал, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, Бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Иймд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг сэрэмжлүүлэв. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир  хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ