“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнг үзэж, монгол дархчуудын өв соёл, ур ухааныг сонжоорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2018-02-08 14:21:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор үзмэрүүдээр “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнг гаргаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус музей өөрийн сан хөмрөг дэх үзмэрээс үзэгч олонд толилуулдаг уламжлал ёсоор энэ удаа Монголын олон газар нутгийн уран дархчуулын ухаан, нүд, гарын ураар бүтээсэн үе үеийн 170 гаруй үзмэрийг дээжлэн дэлгэн тавьжээ. Монголын ард түмний хэдэн мянган жилийг дамнан хойч үедээ уламжлуулж ирсэн эдийн болон оюуны соёлын өвийн салшгүй хэсэг болох сав суулгыг энэ үзэсгэлэнгээс л та харж болно.



Тус музейн сан хөмрөгт нэн эртний чулуун зэвсгийн үеийн чулуу, шавар сав суулганаас эхлээд орчин үеийн гоёмсог сийлбэр бүхий модон хувин, шаазан аяга, таваг, Маршал Х.Чойбалсан, төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал нарын эдэлж хэрэглэж байсан уран сийлбэртэй мөнгөн аяга зэрэг сав суулганы цуглуулгыг дэлгэн тавьсан байна.

Ер нь сав суулга бол хүн төрөлхтөний хөгжил, дэвшлийн түүхтэй салшгүй холбоотой билээ. Эртний хүмүүс хоол хүнсээ хадгалах, боловсруулах зорилгоор чулуу, шавраар сав суулгаа хийдэг байсан бол хожим нь шаврыг шатааж ваар сав хийх болжээ.



Энеолитийн үе буюу зэс, чулууны үед зэсийг хар, цагаан тугалгатай хольж хүрэл хайлах болсноор хүн төрөлхтөн Хүрэл зэвсгийн үед /НТӨ 3000/ шилжин орсон байна. Хүрлийн түрүү үеийн булшнаас ахуйн хэрэгцээний болон металл хайлуулах, цутгах зориулалттай ухаж, үрж өнгөлсөн, бариултай, бариулгүй, чихэвчтэй зэрэг боржин, асмалжин, занарлаг чулуугаар үйлдсэн чулуун сав, цутгуурын шанаганы зүйлс ч манай орны нутгаас цөөнгүй олджээ.



Олон зууны турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд сав суулгаа нүүдлийн аян даах, бат бөх, авсаархан, хөнгөн чанартай хийдэг уламжлалтай билээ. Манай ард түмэн сав суулгыг ашиглах байдлаар нь өдөр тутмын, тусгай зориулалтын, ёслол хүндэтгэлийн хэмээн ангилахын зэрэгцээ юугаар хийсэн гэдгээс хамаарч чулуу, мод, шавар, төмөр, зэс, мөнгө, алт, гууль, арьс, ширэн, ноосон гэх мэтээр ангилдаг.



Манай уран дархчууд гэрийн тавилга, авдар, шүүгээ, хувин, савхан, торхон, таваг, даллагын модон сав, тэвш зэрэг олон төрлийн сав суулгыг ихэвчлэн хус, нарс, хуш, улиас, сухай, агар, зандан зэрэг модоор урлажээ. Мөн сав суулга хийх модыг байгалийн аргаар сүүдэрт хатаахаас гадна урсгал усанд хийх, тосонд чанах зэрэг уламжлалт аргыг хэрэглэдэг байна. Модон эдлэлийг үзэмжтэй харагдуулах зорилгоор хээ, угалз, дүрсийг өнгө ялган будаж, сийлбэрлэх, зүмбэрлэх аргаар чимэглэж иржээ.



Мал, ан амьтны арьс ширийг боловсруулан нүүдлийн ахуй амьдралд зохицсон эдэлгээ сайтай, хүнсний зүйл хадгалах сав суулга, хөхүүр, дашмаг, хөнөг, борви, арьсан тулам зэргийг эртнээс өнөөг хүртэл ашиглаж байна.  Монгол уран дархчууд ахуйн хэрэглээний сав суулга, данх, гүц, хувин зэргийг хийхдээ өөрсдийн нутаг нутгийн ур хийцээр өвлөн авч урлаж байсныг энд дэлгэн тавьсан үзмэрүүдээс харагдаж байв.



Өнгөрсөн зуунд “Артель, хоршоо” байгуулагдаж ардын урчуудын гараар урласан сав суулга үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Мөн 1955 онд манай анхны Шаазан ваарны үйлдвэр байгуулагдаж иргэдийн нэн хэрэгцээт хоол цайны аяга, сав суулга зэргийг 3 сая орчим ширхэгийг үйлдвэрлэсэн түүхтэй.

Энэ мэтээр Монол үндэсний сав суулга нь өөрийн өв соёл, уламжлалт арга хэв маяг, донжийг шингээн урласан эд зүйлийн дээжийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ.

Д.Өлзий
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ