Засаг дарга уурын зуухнуудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-08 21:37:07
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн МШУТ-ийн 70321111 утсаар орон сууц, байгууллагуудын халаалт муу байгаа тухай гомдол, санал иргэдээс тасралтгүй ирж байна. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Ганболд халаалтын зуухнуудын галлагаа, үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Түүнчлэн халаалт муу байгаа байрны айл өрхүүдээр явж иргэдийн саналыг сонссон юм.
Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаатай зэрэгцэн байрнуудын халаалт доголдож, айл өрхүүд бага насны хүүхдээ бусад айл руу зөөх, ханиад томуу хүрэх, цахилгаан халаагуур байнга залгах зэрэг олон асуудал үүсээд байгаа аж. Тиймээс аймгийн Онцгой комисст халаалтын зуухнуудын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, эргүүл гарган ажиллах үүрэг өгч, халаалтын зуухнуудыг хариуцдаг эздэд иргэдийн амгалан тайван байдал, хүйтэн хахир цаг үеийг сайтар харгалзан үзэж хариуцлагатай ажиллахыг санууллаа.
"Хөтөлт илч" ХХК-иас хариуцдаг байрнуудын халаалт доголдсон нь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шугам задарсантай холбоотой болохыг тогтоож, гэмтлийг шуурхай засварлах ажлыг эхлүүлээд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ