Хорт хийг бууруулах сайжруулсан түлшний БенеПлас технологи Монголд нэвтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2018-02-09 18:54:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгарч буй хорт хийг бууруулах БенеПлас (BenePlus) технологийн шийдлийг Монголд АНУ-ын “Элпи Амина” ХХК-тай хамтран нэвтрүүлэхээр тохирлоо.

БенеПлас нь нүүрсийг боловсруулан хангалттай дулаан ялгаруулах, нүүрсэнд агуулагдаж буй хүхэр болон бохирдуулагч бодисын хэмжээг 75 хувиас дээш бууруулах боломжтой түлш үйлдвэрлэх технологи юм. Тус технологийг нэвтрүүлснээр өртөг багатай цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хот суурин газрын тогтвортой хөгжлийг хангах, аж үйлдвэржилт, инновацийг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгаа юм байна.

Энэхүү технологийг АНУ-ын "ЭлПи Амина" ХХК-тай хамтран Монголд нэвтрүүлэхэд бүх талаар дэмжин хамтарч ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, "ЭлПи Амина" ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Уиллиам Латта нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд туршилтын үйлдвэрийг 2018 оны гуравдугаар сараас барьж эхлүүлэхээр тохирч буй бөгөөд одоогоор байршлын судалгаа болон ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа аж. Туршилт амжилттай болсон нөхцөлд 100 сая ам.долларын өртөг бүхий үндсэн үйлдвэрийг 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



Уг технологийн талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Туршилтын эхний үйлдвэрийг 120 хоногт барихаар төлөвлөж байна. Туршилтын үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш 2018 онд нийт 20 мянган тонн сайжруулсан нүүрс гаргаж өгөхөөр тохирсон. Нүүрсийг сайжруулахын зэрэгцээ химийн шингэн, газ боловсруулж гаргах юм. Ингэснээр сайжруулсан нүүрсний өртөгийг хямд байлгах боломжтой гэж технологи эзэмшигч компани хэлж байна. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, Монгол Улсын Засгийн газар Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дэмжихээ илэрхийлсэн. Түүнчлэн энэ технологийг нэвтрүүлснээр нүүрсний судлалын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулна. Монгол-Германы хамтарсан коллежид энэ технологийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтарч ажиллахаар төлөвлөж байна" хэмээлээ. 



"ЭлПи Амина" ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Уиллиам Латта "Энэхүү технологи нь газрын тосны боловсруулалттай төстэй. Технологийг ашиглаад нүүрсийг сайжруулсан нүүрс, химийн шингэн, хийн түлш буюу газ гэсэн гурван төрөлд хувааж боловсруулдаг. Гэр хорооллын айл өрх болон цахилгаан станцуудад сайжруулсан түлшийг ашигласнаар хорт хийн ялгаруулалт маш багасна. Химийн шингэнийг шатахуун импортлогч компаниудтай хамтран хямд борлуулж болно. "ЭлПи Амина" ХХК нь 11 жилийн туршлагатай технологи хөгжүүлдэг компани. БНХАУ болон АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 70 гаруй төслийг хэрэгжүүлснээс дийлэнх нь агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний ашигт ажиллагаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. БНХАУ-д хэрэгжүүлсэн төслийг дүгнэхэд маш амжилттай болсон. 15 мужид цахилгаан станцуудтай нь хамтарч ажиллаж, зарим газарт хорт хийн ялгаруулалтыг 60-90 хувь бууруулж чадсан" хэмээж байв. 

БенеПлас технологийн шахмал түлшний өртөг нь Улаанбаатар хотын айл өрхүүдийн өнөөдөр хэрэглэж буй түүхий нүүрсний үнэнээс бага байх боломжтой аж. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ