Хөгшрөлтийг зогсоох эмийг 2-3 жилийн дараа гарган авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-12 15:28:52
ЕКАТЕРИНБУРГ. /ТАСС/. Хөгшрөлтийг зогсоож чадах, маш хүчтэй үл исэлдүүлэгч бүхий эмийг Оросын эрдэмтэд 2-3 жилийн дараа гарган авна гэж Оросын Био эрчим хүчний холбооны дарга, академич Владимир Скулачев ярьж байна.
 
Түүний хэлснээр, янз бүрийн ургамал, мөөг, сээр нуруугүй амьтад болон загасны хөгшрөлтийг зогсоох туршилт амжилттай болсон аж. “Миний бодлоор, ойрын 2-3 жилийн дотор Орос улсад хөгшрөлтийг бүхэлд нь эмчилж чадах эмийг гарган авах боломжтой” гэж тэрбээр онцлон дурдлаа.
 
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд академич Скулачев организмын хөгшрөлтийн тухай онолыг боловсруулах, хөгшрөлтийг зогсоох арга замыг хайх ажлыг эрхэлж байгаа юм.  2003 онд тэрбээр “Скулачевын ионуудыг практикт хэрэглэх нь” гэдэг био анагаах ухааны төслийг санаачлан, удирдсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд Оросын болон гадаадын 300 орчим эрдэмтэн оролцсон байна. Төслийн зорилго нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах, хөгшрөлттэй холбоотой эмгэгүүдийг эмчлэх зорилгоор шинэ эмүүдийг гарган авах явдал юм. 
 
Хөгшрөлтийн эсрэг анхны эмүүд нь “Визомитин” нүдний дусаалга, шарх эдгээх “Экзомитин”, хөгшрөлтийн эсрэг “Пластомитин” эмүүд байв. Био эрчим хүчний шинжлэх ухааныг үүсгэн бий болгож, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан В.Скулачевт 2017 оны Демидовын нэрэмжит шагнал олгосон байна. Энэ шагнал нь Орос улсад засгийн газрын бус хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог ажээ. 
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ