С.Сүх-Очир: Гадны орнуудаас аутсорсинг захиалга авч, залуучуудаа дэмжих эхлэлийг тавьсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunzaya@montsame.mn
2018-02-12 17:30:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/. 2017 оны байдлаар нийслэл Улаанбаатар хотод сая гаруй иргэн амьдарч байгаагийн 34.6 хувийг 15-34 насны залуучууд юм. Залуусын хөгжлийг дэмжих зорилгоор  байгуулагдсан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар үйл ажиллагаа явуулаад даруй нэг жил өнгөрчээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсанаа хүргэе.

- Өнгөрсөн хугацаанд Залуучуудын хөгжлийн газар залуучуудад чиглэсэн  ямар ажил өрнүүлэв гэдгээс яриагаа эхлэх үү?

-Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2016 онд Монгол Улсын Засгийн газрын 08 тоот тогтоол, нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/825 тоот захирамжийн дагуу үүсгэн байгуулагдсан. Өдий хүртэл улсын хэмжээнд залуучуудын хөгжлийн асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны байгууллага байгаагүй. Тиймээс бидэнд маш их хариуцлага ирсэн.
-2017 онд нэлээн хэдэн ажлыг хийсэн.  2017 оны  ажлаа бид  “Эерэг амьдарцгаая” уриан дор “Их хотын соёл” төслөөр эхлүүлсэн. Гадагшаа чиглэсэн 47 үндсэн ажлын хүрээнд нийт 254 үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, энэ чиглэлээрх /120/ мэдээ, мэдээллийг 2500 гаруй удаагийн давтамжтай олон нийтэд түгээлээ.

Товчхон танилцуулвал, их хотын эерэг, соёлч иргэний хандлага, зөв дадал хэвшлийг бий болгохоор “Нийслэлийн иргэний 10 зөв дадал”-ыг боловсруулж, олон нийтэд сурталчлан таниулах аян өрнүүлсэн.  20 мянга гаруй залуусыг энэхүү үйл ажиллагаандаа хамрууллаа.Тус аяныг 2018 онд үргэлжлүүлэн нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудаар дамжуулан хэрэгжүүлж  байна. Сургалтад хамрагдсан залуучууд “10 зөв дадал”-ыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээнэ гэж найдаж байна.

Зөв 10 дадлын нэг чухал сэдэв бол “Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн байх”  тухай юм. Үүнийг өнгөц харахад жижиг асуудал мэт боловч хотын соёл ба уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэх томоохон асуудлууд цаана нь бий. Энэ бүхний учрыг залуучууддаа сурталчлан таниулж, мөн уриалж байгаа.

-“Миний Улаанбаатар” сэтгэлгээг хэвшүүлэх хүрээнд багагүй ажлыг өрнүүлсэн. Энэ тухайд?

- Хүн өөрийн амьдарч байгаа гэр орноо хайрладаг шигээ “Миний Улаанбаатар хот” гэсэн сэтгэхүйгээр хандаж байгаасай гэж залуучууддаа уриалсан. “Хандлага халдварладаг” гэсэн үг бий. Энэ сургалтад суусан залуучууд маань эхнээсээ өөрсдийгөө эерэгээр өөрчлөөд эхлэх юм бол эргэн тойронд байгаа хүмүүс  дагаад өөрчлөгдөнө. Энэ хүрээнд Өсвөр үеийн залуучуудыг хорт зуршлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн 30 удаагийн ажлыг ЕБС-иуд болон их дээд сургуулиудаар зохион байгууллаа.

Сургалтуудаас гадна их хотын иргэний эерэг хандлага, ёс суртахууныг төлөвшүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, нийслэлийн хөгжил тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч, залуус манлайлсан хот болгох зорилгоор“Эерэг амьдарцгаая! Залуучууд аа” их хотын соёлыг түгээх цуврал нэвтрүүлэг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сүлжээн дээр суурилсан нийгмийн сүлжээгээр /social network/ дамжуулан олон удаагийн давтамжтайгаар гаргахаар төлөвлөсөн байгаа. Одоогийн байдлаар 24 цуврал нэвтрүүлэг бэлэн болсон байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 47 үндсэн ажлаас 2 чухал ажлыг онцолж танилцуувал, нэгдүгээрт “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг нээсэн, хоёрдугаарт “Нийслэлийн Залуучууд” бодлогын баримт бичигтэй болсон гэж хэлж болно. Хөгжлийг дэмжих нь залуучуудыг бодитоор хөгжүүлэх дэд бүтэц нь болж, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөр нь нийслэлийн залуучуудыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж өгөх юм. Компьютертой харьцуулбал “хардвэйр” болон “софтвэйр” нь бүрдэж, нийслэлийн залуучуудыг хөгжүүлэх бэлтгэл хангагдсан гэж хэлж болно.

-“Онцлох чухал ажлын нэг нь “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” гэлээ.  Тус төвийн үйл ажиллагааг тодруулбал?

-“Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг 2017 оны 3 дугаар сараас жигдрүүлж, залуучуудыг хөгжүүлэх төрөл бүрийн сургалт семинар зохион байгуулах орчныг бүрдүүлсэн. Залуучуудын хобби клуб, сайн дурын клубуудыг залуучуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх бололцоо бүрдсэн гэж хэлж болно. Мөн БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран  хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй 72 компьютертой, 4 сургалтын танхимийг ашиглалтад оруулж, мэдээллийн технологийн чиглэлээр 8 төрлийн сургалтыг залуучуудад үнэ төлбөргүй зохион байгуулж байна.  2017 онд 1800 орчим залуучуудыг сургалтад хамруулж, тодорхой хэсгийг нарийн мэргэжил эзэмшүүлж, өнөөдрийн байдлаар 9 залууг бизнес инкубатор төвд бойжуулан хөгжүүлж, 20 гаруй залуучуудыг ажлын байранд холбож өгч ажиллав.

-Мэдээллийн технологийн сургалтын хугацаа, хамрагдах залуучууд яаж бүртгүүлэх вэ?

-Компьютерийн үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг 1+3+3 сарын хугацаатай сургаж байна. 15-аас дээш настай, цаашид мэдээллийн технологийн чиглэлээр хөгжих, хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад нээлттэй. Сургалтууд үнэ төлбөргүй тул ачаалал ихтэй байгаа. Сургалтад суух сонирхолтой 674 хүн бүртгүүлсэн байна. Тэгэхээр залуучууд маань манай төвд сурч байх хугацаандаа ирцээ 100 хувь байлгах хэрэгтэй. Сонирхсон хүмүүс нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ болон 9712-5557 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авч, бүртгүүлж болно.Цаашид  сургалтад суусан залуучуудаас шилдгүүд нь БНСУ-ын аж ахуйн нэгжүүдээс аутсорсинг захиалга авч эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх бололцоогоор хангагдах юм.

2017 оны 9-р сард Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-өөс Нийслэлийн иргэний танхимд нээлттэй зохион байгуулсан. Тус өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох “Хү Из Холдинг” групп, солонгосын аж ахуйн нэгжүүд болон КОИКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар оролцож, сонгон шалгаруулалт хийсэн. Тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагажих ажилтнаар явсан бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцсан. БНСУ-д мэдээллийн технологийн чиглэлээр 30 мянга гаруй ажлын байр байгаа талаар тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт оролцсон төлөөллүүд ярьж байлаа. Цаашид зөвхөн БНСУ төдийгүй Япон, Тайвань, Сингапур зэрэг орнуудаас аутсорсинг захиалга авч, залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бололцоотой юм. 

“IT”-ийн чиглэл бол  "Орон зай үл хамаардаг" давуу талтай. Хэрэв манай залуучууд өөрсдөө хичээвэл заавал гадаадад очиж “биеийн хүчний ажил” хийх биш “IT”-гийн аутсорсинг захиалга гүйцэтгэх ажлын захиалга авч, эх орондоо аж төрөнгөө хөдөлмөр эрхлэх, дэлхийн жишигт хүрсэн цалин авах давуу талтайг онцолж хэлмээр байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хөгжлийн төлөөх гэгээн мөрөөдөлтэй залуучуудад үргэлж нээлттэй ажиллаж байна.

-“Бизнес инкубатор төв”-д хамрагдах хүсэлтэй залуучуудад ямар шалгуур тавих вэ?

-Манай “Бизнес инкубатор төв”-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд мэдээллийн технологийн чиглэлээр шинэ, шинэлэг бизнес санаа болон төсөлтэй, 15-аас дээш настай, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжих, хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэд байх хэрэгтэй. Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн мэдээллийн технологийн сургалтыг “A” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д шууд элсэж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

“Бизнес инкубатор” төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд өнгөрсөн онд элссэн 11 иргэнээс  4 залуугийн дадлагажих хугацаа дуусаагүй байна. Зургаа нь мэдээллийн технологийн салбарт ажлын байраар хангагдсан. Мөн “IT”-гийн чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж буй “Соёмбо тек” ХХК-ийн бизнесийг дэмжин, инкубатор төвдөө бойжуулж байна.

Тус төвд орсон аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440,000 төгрөгийн тэтгэлгийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА” болон төслийн хэрэгжүүлэгч “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвөөс олгож байгаа юм. Энэ сараас манай “Бизнес инкубатор төв”-д 5 хүн нэмж элслээ. Тэтгэлэгт хамрагдаж байгаа нийт залуучууд нийлбэр дүнгээрээ сар бүр 3,960,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авах болно.

Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.

-Сүүлийн үед залуучуудын дунд тулгамдаж байгаа асуудал бол хорт зуршил юм. Мөн ажил, амьдралынхаа идэвхтэй өнгөрөөх ихэнх цагаа цахим орчинд өнгөрүүлж байна. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?

-Технологийн дэвшил нь асар их давуу талуудыг бий болгож байгаа ч зүй зохистой хэрэглэж чадахгүй бол эргээд хор, хөнөөл дагуулдаг. Цахим орчинд оролцож байгаа хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй.  Хэн нэгнийг гүтгэх, доромжлох, эх сурвалж нь батлагдаагүй мэдээ, мэдээлэл тарааж олон нийтийн сэтгэл зүйг үймүүлэх, өсвөр насныхан ямар ч шүүлтүүргүй мэдээ, мэдээллийг хүлээн авах, цахим тоглоомд донтох гэх мэт асуудлууд гарч байна.  Тиймээс цахим орчинд эерэг хандлага төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дуу хоолой,  үүрэг, оролцоог идэвхжүүлэх, хамтран ажиллах зорилгоор “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээг бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр цахим орчинд соёлтой, аюулгүй хэрэглээг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар үүрэгтэй байх вэ? Одоо нөхцөл байдал ямар байна вэ? зэрэг олон асуудлуудыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллахаа ярилцсан. Мөн 2017 онд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг нийслэлийн ерөнхий боловсролын 30 гаруй сургуулийн ахлах ангийн 3000 гаруй сурагчдад СЭМҮТ-тэй хамтран зохион байгууллаа. Залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, донтолтоос урьдчилан сэргийлэх, цахим орчинд соёлтой, зөв боловсон, аюулгүй хэрэглээг бий болгох зорилгоор дээрх ажлуудыг 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.

 
Холбоотой мэдээ