Зуун нас зооглосон Ч.Ойдов зохиолчийн бүтээл амьд хэвээрээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
183@montsame.mn
2018-02-13 11:08:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн шагналт зохиолч  Чойжамцын Ойдовын 100 жилийн ойн ёслолууд үргэлжилсээр байна. 1917 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн Ч.Ойдов зохиолч маань 2017 оны турш уншигч бидэнтэйгээ эргэн уулзаж байгаа юм.
Түүний 100 жилийн ойг тэмдэглэх БСШУСЯ-ны тогтоол гарсан бөгөөд үр хүүхдүүд нь "Ардын элч-Ч.Ойдов" сан байгуулан олон ажил хийсний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй хос боть ном уншигчдын гар дээр очиход бэлэн боллоо.
Чойжамцын Ойдовын мэндэлсний 100 жилийг ойг ёслол төгөлдөр тэмдэглэж буй ч тэрбээр идэрхэн 42 насандаа эрвэлзэж явснаараа уншигчдын сэтгэл зүрхэнд үлдсэн нь тэвхийсэн хоёр ботиос нь харагдана. Тэрбээр монголын утга зохиолд жүжгийн зохиолоороо эзлэх орон зай нь нэн том бөгөөд өдгөө ч үгүйлэгдсэн хэвээр байгаа юм.
Өнөөдөр Үндэсний номын санд хоёр ботийн нээлт болж, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд, зохиолчид, УДЭТ-ынхан, уншигч түмэн, "Ардын элч-Ч.Ойдов" санг үүсгэгч үр хүүхдүүд нь оролцон чин сэтгэлийн халуун дурсамжаа хуваалцлаа.
Сангийн тэргүүн, охин О. Туул, О.Ариунаа, О.Халиун, О.Булган нар үр хүүхдийнхээ хамт номын дээжээ зочдод хүндэтгэл болгон барив.
Нэгэн үед хамт уран бүтээлээ туурвиж явсан ардын уран зохиолч, СГЗ Б.Бааст,
"Манай Ойдов бол төрөлхийн их авьяастан. Үг дуу цөөтэй, дөмбийж яваад л нэг мэдэхэд томхон жүжгээ бичээд л ирдэг байсан. Бид хоёр нэг өрөөнд хамт сууж олон зохиол бичиж, олон ч залуу зохиолчдод зөвлөгөө өгч байсан даа. Хүүхдүүд нь аавынхаа 100 жилийн ойг сайхан тэмдэглэж байна. Баримтат кино бүтээж, эрдэм шинжилгээний хурал ч хийлээ. Мөн төрсөн бууцан дээр нь гэрэлт хөшөө босгосон. Эрхэм нөхөр минь амьд юм шиг л сайхан санагдлаа" гэв.
МУСГЗ, доктор, профессор Д.Цэдэв "МУИС төгсөн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар ажиллаж байхдаа Ойдов гуайтай ойр ажиллаж дуу хоолойг нь сонсч, хууч яриаг нь тэмдэглэж, зохиол бүтээлийн туршлагаас нь яриулж байсан азтай хүн би. Тиймээс ч эрдэм шинжилгээний хуралд нь зөвлөлтийн зохиолч, судлаачдын судалгаанаас илтгэл тавьсан. Монголын зохиолч судлаачид бараг дуугүй байхад Оросын судлаачид  Ч. Ойдовын зохиол бүтээлийг их уншиж, судалж өндөр үнэлсэн байдаг юм шүү. Зохиолчийн үр хүүхэддээ үлдээсэн өвийн ихэнх нь монгол бичгээр бичсэн байгаа нь судалгаа онгон хэвээр байгааг харуулна. Тэр зохиолоо монгол бичгээр бичдэг, тэр үеийн ном, сэтгүүл ч монгол бичгээр хэвлэгддэг, төр засгийн тогтоол шийдвэр монгол бичгээр гардаг байсан тул энэ бүхэн судалгааны онцлог, содон зүйл болж байна" хэмээн онцоллоо. Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан "42-той Ч.Ойдов зохиолчоос хоёр, гурав нугалсан насаар ах болчихоод байгаа хэрнээ зохиол бүтээлийнх нь дэргэд бид ичмээр л дамшгууд. Би энэ аугаа хүнийг нас барахад тэмээчин болоод хөдөө хөөгдөж явсан ч харамсан гашуудаж 
" Даяар олондоо дурсагдаж явсан нь
Далан давхарт орших учиртай
Ард олондоо тоогдохгүй явсан нь
Алтан өлгийд булшлагдах ёстой!" гэж адран бичээд бас л давхар шийтгэл хүлээж явлаа. Учир нь төрийн шагналт зохиолчийг оршуулах болоход Алтан өлгийд газар өгөлгүй Даландавхарт өгсөнд уурлаж ингэж бичсэн юм. Ч.Ойдов зохиолчийн энэ мэт ээдрээт явдлын үнэнийг дэлгэж, шинэ залуу судлаачид амьд лавлагаа болсон Б.Бааст зэргийн хүнээс материал авч үлдэх хэрэгтэй"-г санууллаа.
Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд "Манай ээж /төрийн шагналт, ардын жүжигчин Цогзолмаа/ ярихдаа, Ч.Ойдов бол театрт гэрэлтүүлэгч хийж байснаа мундаг том жүжгүүд бичиж авьяас билэг нь тодорсон хүн. Жүжиг, кинонд нь дүр бүтээх гэж уран бүтээлчид булаалддаг. Дүр авна гэдэг нэр төрийн хэрэг байлаа шүү дээ" хэмээн хуучилж байсныг дурдууштай"гэв. 
Ийнхүү Ч.Ойдов зохиолчийн "Далан худалч" жүжгийн шүүмжийг анх бичиж өнөөдөрт хүрсэн судлагааныхаа үүдийг нээж, өнөөдрийн хоёр ботийг хэвлэхэд оролцох болсноо ч Улаанбаатар их сургуулийн захирал, доктор С. Байгалсайхан онцолж, энэ удаагийн ботиудад урьд хэвлэгдээгүй олон зохиол нь багтсан, нэн ялангуяа эрдэм шинжилгээ судлагааны бүтээлээр гурав дахь ботийг нь  удахгүй гаргах гэж байгааг дуулгалаа.
Сайн зохиолын үнэ цэнийг ард түмэн хэрхэн өвлөн авч, биеэрээ амьдралдаа ч тусган үлгэр болгодог нэгэн жишээг дуулгая. 1970-аад онд хятадын хил давж төөрөөд баригдсан монгол цэргүүд олзлогдохдоо бичиг баримтаа дайснуудын гарт алдахгүйн тулд "Ардын элч" кинонд Дарьбазарын жанжин Сүхбаатарт хүргэх бичгийг шууд амандаа хийн залгидгийг санан үнэмлэх паспортоо залгиж байсан сонин хууч байдаг. Тэр байлдагч 8, 9 жил хятадын шоронд хоригдон эх орондоо ирээд ийн хуучилсан бөгөөд одоо 80 гаруй настай амьд сэрэн байгаа юм. "Ардын элч" кино ард түмэндээ ингэж л нөлөөлж байжээ.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас анх Чойжамцын Ойдов төрийн шагнал хүртсэн бол дараа нь зохиолч Жамбын Пүрэв, Пүрэвийн Хорлоо нар төрийн шагнал хүртсэн юм.
Ийнхүү Чойжамцын Ойдов зохиолчийн зохиол нь ч амьд, өөрөө ч амьд байнам!

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ