Орон гэрээ галд алдсан зургаан хүүхэд ээжийнхээ хамт түмний тусыг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-13 15:09:55
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, аймгийн Улаанзагалмайн нийгэмлэг, аж  ахуйн нэгж, иргэдээс бүтэн шалтай гэр, тавилга, хүнс, хувцас бусад эд зүйлсийг иргэн Д.Жаргалсайханыд өглөө.
Сүхбаатар сумын “Хонгорморьт”-ийн нэгдүгээр багийн иргэн Д.Жаргалсайханы орон гэр энэ сарын 7-ны өдөр гал түймэрийн улмаас шатаж, гэр бүлээрээ өмсөн хувцастайгаа үлджээ. Иргэн Д.Жаргалсайхан 0-17 насны зургаан хүүхэдтэйгээ хамт амьдардаг аж. Олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон энэ бүсүй өнөөдөр ажилгүй бөгөөд түлээ хагалах, хөрөөдөх, мод чулуу зөөх  гээд аль л олдсон ажил, үр хүүхдүүдээ тэжээдэг байна. 
Өвлийн хахир хүйтэн цаг үед орон гэргүй болсон энэ олон нялх хүүхдийг хараад аймгийн Засаг дарга түүнд туслах аяныг өрнүүлсэн аж. Ингээд аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, аймгийн Улаанзагалмайн нийгэмлэг, аж  ахуйн нэгж, иргэдээс бүтэн шалтай гэр, тавилга, хүнс, хувцас бусад эд зүйлсийг Д.Жаргалсайхан болон үр хүүхдүүдэд нь өгсөнийг өнөөдөр аймгийн Засаг дарга гардуулан  өглөө.
Тэрээр “та бүхэндээ баярлалаа. Миний хоёр хүүхэд дунд сургуульд, нэг хүүхэд цэцэрлэгт, бага охин маань таван сартай, том охин маань МСҮТ-ийн тогоочийн ангийг дүүргээд одоо ажилд орохоор хүлээж байгаа. Би өөрөө ажилгүй учраас хүүхдүүдийнхээ халамжийн 20000 төгрөгөөр амьдардаг. Бас би олдсон ажлыг хийж хүүхдүүдээ өсгөн амьдарч байна. Та нартаа баярлалаа. Үр хүүхдүүдээ сайн хүн болгон хүмүүжүүлнэ” гэлээ.
  Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ