Зам, барилгын салбарт ажиллагсад аюулгүй ажиллагааны чиглэлээр АНУ-д суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-02-13 19:17:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Вашингтоны их сургуулийн Байгаль орчин ба мэргэжлийн эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхмийн Үргэлжилсэн боловсролын төв болон Олон улсын хүний нөөцийн хөгжлийн хүрээлэн хамтран Вашингтон мужийн Сиатл хотноо "Зам, барилгын аюулгүй ажиллагаа" сэдэвт богино хугацааны сургалт зохион байгууллаа.

Олон улсын хүний нөөцийн хөгжлийн хүрээлэн нь хүний нөөцийн олон улсын хөгжлийн нийтлэг чиг хандлагад нийцсэн сургалт явуулах, судалгаа хийх, дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд АНУ-ын Вашингтоны их сургуулийн Мэргэжлийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны" Нортвест" төв, Байгаль орчин ба мэргэжлийн эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхим, Үргэлжилсэн боловсролын төв, Юта болон Монтанагийн улсын их сургуультай хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаагийн сургалтын зорилго зам, барилгын салбарт ажиллагсдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, осол аваарыг хэрхэн бууруулах ажлын арга туршлагаас суралцахад чиглэгдлээ.

Сургалтад Монголын Авто замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв, Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэд дарга Д.Нарантуяа, Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн зөвлөх, сургагч багш Г.Борхүүхэн, CFC компанийн захирал Б.Ариунтуяа болон  ХАБЭА хариуцсан сургагч багш, инженер, техникийн 10 гаруй ажилтан хамрагдав.
 


Тус сургалтаар “Ажлын талбай дээрх аюулгүй байдал”, “Замын тэмдэглэгээ болон замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Ухрах дайрах аюул, түүнийг хянах", “Машины ослоос урьдчилан сэргийлэх” сэдвээр АNCI итгэмжлэгдсэн сургагч багш Робин Смит, “Эрүүл мэндэд учрах аюул, “ Аюул осол түүнийг хянах” сэдвээр сургагч багш Жей Херзмарк, “Зам барилга дахь осол аваар, өвчлөлийн талаар болон хүнд тоног төхөөрөмж, кран машины аюулгүй байдал, уналтаас сэргийлэх хамгаалах” зэрэг сэдвээр тэргүүлэх сургагч багш Рик Глисон нар хичээл зааж аюулгүй ажиллагааны талаар өргөн мэдлэг, мэдээлэл өглөө.
Дэлхийн улс орнуудын хэмжээнд  зам, барилга, уул уурхайн салбар хамгийн эрсдэл өндөртэй салбарт тооцогддог. АНУ-ын Вашингтон муж зам, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар олон жилийн арга туршлага хуримтлуулсан байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд ажлын байран дахь осол эндэгдэл багассан ч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бууруулах зорилгодоо хүрч чадаагүй байгааг багш нар хэлж байсан.

2016 онд АНУ-ын зам барилгын салбарт гарсан осол гэмтлийн  статистик үзүүлэлтээр ажлын хэсэгт   700 осол, ажлын талбайд 35,526 (зөвхөн мэдэгдсэн ), ажилчдын осол, гэмтэл 130 гарсан бол том оврын машин, ачааны тэрэг, автобусны жолоочийн буруу үйл ажиллагаанаас болж 174 хүн амь насаа алджээ.
Өдөр бүр хийдэг ажилдаа дассанаас болж эргэн тойрноо үл анхаарах, гар утсаар ярих, мессеж бичих, чихэвч  хэрэглэх, үзэгдэх орчин хязгаарлагдмал байх, хамгаалалтын хувцасыг бүрэн, зөв өмсөөгүй, барилга угсралтын явцад гарч болзошгүй эрсдлийг тооцдоггүй, аюултай хэсэгт анхааруулах дохио санамж тавьдаггүй, өндөрт ажиллах үед хамгаалалтын тор ашиглахгүй амь дүйсэн нөхцөлд ажиллах  нь  барилгын ажлын талбайд осол гарах шалтгаан болдог байна. Иймээс ажлын байранд үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө, дүрэм, журам гаргаж мөрдөх, байнгын  аюулгүй ажиллагаа хариуцсан менежертэй  хүн бүр холбогдож байхаар зохицуулагдах нь эрсдлээс хамгаалагдахад тус дөхөм үзүүлнэ гэдгийг сургалтын үеэр багш нар онцолж байлаа.
АНУ-ын 50 муж тус бүр өөр өөрийн хуультай. Хэрвээ ажилчин ажлын байран дээр алдаа гаргасан тохиолдолд ажилд авсан хүн болон компани хариуцлага хүлээж мөнгөн төлбөр төлдөг. Харин осол гаргасан ажилчин ямар ч хариуцлага хүлээдэггүй гэнэ. Учир нь тухайн компани хууль, дүрэм, журмыг  ажилчиддаа тайлбарлан таниулж сургалтад хамруулахын зэрэгцээ  ажил эхлэхийн өмнө бүх ажилтнуудад гарч болох аюул эрсдлийн талаар анхааруулга, зааварчилгаа өгөх үүргийг хүлээдэг байна. Мөн компанийн аюулгүй ажиллагаа хариуцсан менежер үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахыг чухалчилдаг аж. Ингэснээр Үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлтэй ажилчид ажлын байранд илүү хамгаалагддаг байна.



Сургалтын үеэр Хойд Америкийн Хөдөлмөрчдийн олон улсын үйлдвэрчний эвлэлийн зохицуулагч Доуг Бумэн Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өгч харилцан туршлагаасаа хуваалцав.
Түүнчлэн сургалтанд хамрагдагсад Вашингтон мужийн тээврийн газраас хэрэгжүүлж буй зам гүүрийн төслийн явц байдал болон барилгын  ажлын талбай дахь аюулгүй ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Авто замын сүлжээ, техник технологи өндөр хөгжсөн  АНУ-ын зам харилцаа, инженерийн байгууламжтай танилцаж, зам барилгын аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болсныг оролцогсод онцолж байлаа.



Сургалтад хамрагдагсад Вашингтоны их сургуулийн Мэргэжлийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны" Нортвест" төв, Байгаль орчин ба мэргэжлийн эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхим, Үргэлжилсэн боловсролын төвөөс Зам барилгын аюулгүй ажиллагаа хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн Батламж гардаж авлаа.
Холбоотой мэдээ