ХХААХҮ-ийн сайд улсын аварга тариаланч, малчдад шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-02-14 14:36:55
 Улаанбаатар/МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Орхон, Булган аймгийн Улсын аварга тариаланч, малчдад  шагналыг нь гардуулан өглөө.

“Улсын аварга тариаланч”-аар шалгарсан Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК-ийн хамт олон, Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн-Ундарга” ХХК-ийн механикжуулагч Д.Нэргүй, Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч Лувсансамбуугийн Ганбат болон Булган аймгийн Сайхан сумын “Сайхан овоо”багийн Улсын хошой аварга малчин  Ш.Дамдинсүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Улсын аварга малчин С.Цэнд-Аюуш, Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Улсын аварга саальчин Д.Түмэнжаргал нарт шагналыг гардуулжээ.

Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, есөн саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулсан юм. Мөн есөн аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан. Улсын аваргуудын шагналыг Засгийн газрын гишүүд сар шинийн өмнө орон нутагт нь гардуулан өгч байна. 

Тодруулбал “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК нь 2002 онд байгуулагдсан, 1550 га эргэлтийн талбайтай  13 жилийн турш газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн. Сүүлийн 3 жилийн дунджаар  882.3 га –д буудай, тэжээлийн ургамал тарьж, 817 га –д уринш боловсруулалт хийсэн, 1690 тн буюу нэг га-аас 21.1 цн ургац хураан авчээ.

Техник шинэчлэлийн ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан техникийн парк шинэчлэлийг 100 хувьд хүргэсэн байна. Мөн сумандаа байнгын ажлын байр 12, тариалалт, хураалтын үеэр орон нутгаас 40 гаруй иргэнийг түр ажлын байраар ханган 10.9 сая төгрөгийн цалин олгон ажиллажээ.
Холбоотой мэдээ