Б.Галаарид:Хэсэг сэтгүүлчийн асуудлыг нийтэд хавтгайруулж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 16:16:03

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  наадам сурвалжилсан сэтгүүлчдэд 200-500 мянган төгрөгийг НЗДТГ-аас олгосон хэмээн гарын үсэг бүхий баримтын талаар мэдээлэл хийлээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид ярихдаа, “Асуудлыг хоёр талаас нь харах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төлбөртэй мэдээ мэдээлэл цацдаг. Гэхдээ энэ салбарт ажиллаж буй  6000 хүн бүгд мөнгө авдаг гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй. Цөөхөн хэдэн хүний асуудлыг хавтгайруулж сэтгүүлчдийн нэр хүндийг унагах явдал гарч байна. Сонгууль ойртож улс төрчид нэр хүнд олохын тулд янз бүрийн арга хэрэглэж эхэллээ. Гэтэл эцэстээ өөрсдөө нэр цэвэр үлдэж, сэтгүүлчдэд буруу тохогддог жишээ олон бий. НЗДТГ-аас сэтгүүлчдийн нэрийг барьсан байж болзошгүй энэ асуудлаар  сэтгүүлчид өөрсдөө МСНЭ-д хандсан. Тэд  мөнгө аваагүй, нэр барьсан хэмээн мэдүүлж байгаа. Харин НЗДТГ-аас цахим хуудсаар тараасан  уг баримт хуурамч гэсэн хариулт өгсөн. Энэ асуудлын үнэн тодрох байх. Хэрэв нийслэлийн буруу болвол шударга бус байдлаар сэтгүүлчдийн нэр хүндэд халдвал харамсалтай” гэлээ.

Мөн үеэр  МСНЭ-ээс нийт сэтгүүлчдэд хандан уриалга гаргасныг мэдэгдсэн юм.

Тус уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

Та бид чин шудрагыг дээдэлж, гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. Улстөрийн орчин ээдрээтэй, олон нийтийн санаа бодолд хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс өөртөө ашигтайгаар нөлөөлөх оролдлого ийнхүү идэвхэжсэн өнөө цагт шудрага үнэний тугч нь байж, зөв мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөхийн тулд дараахи асуудалд анхаарлаа хандуулахыг та бүхэнд уриалж байна. Үүнд:

1.   Ардчиллын хувь заяаг цөөнхийн эрх мэдлээр дарангуйлан хумихыг оролдож буй ийм ноцтой цаг үед хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид та бид л шудрага үнэний талд зогсож бодит мэдээллийг олон нийтэд хүргэхгүй бол өөр хэн ч чадахгүй. Иймд нийгмийн онцгой хариуцлагаа ухамсарлаж, авлигачдын мөнгөөр амаа үдүүлэхгүй байх нь ардчиллын хувь заяаг аврахын төлөө та бидний хийж чадах сайн үйлийн нэг тул эрхэм зорилгоо болгохыг уриалж байна.

2.   Өршөөлийн тухай хууль зэрэг үнэний шалгуур болсон ноцтой асуудлуудаар УИХ-ын гишүүн, нөлөө бүхий улстөрч бүр ямар байр суурьтай байгаа, хэрхэн санал өгснийг нь байнга тодруулан мэдээлж, хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд ойлгуулах нь сонгогчдод зөв сонголт хийх боломж олгон ардчиллын хувь заяаг аврахын төлөө та бидний хийж чадах бас нэгэн сайн үйл тул хичээхийг уриалж байна.

3.   Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн нэр барьж хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах нэрийн дор мөнгө олох, элдэв төрлийн хөнгөлөлтөд хамрагдах, төсөл хэрэгжүүлэх, арга хэмжээ, гадаад аялал зохион байгуулах оролдлого цөөн боловч гарч байгаа тул манай байгууллагатай холбоотой аливаа асуудлаар заавал холбоо барьж тодруулсны эцэст шийдвэр гаргаж байхыг уриалж байна.
 

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд