АЛТАН БИЙРИЙН ОРОН

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-04-10 11:22:05

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээж, ур ухаанаа шингээн бүтээснийнхээ үр шимийг үзэн, үзэгч олондоо толилуулан, өөрийгөө сорьж, авьяас билгээ үнэлүүлдэг “Алтан Бийр”-2018 олон улсын үзэсгэлэн МУЭ-н “Арт галерей”-д нээгдсэн юм.

МУЭ-ийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл нь “Алтан Бийр” үзэсгэлэнг олон улсын цар хүрээтэй томоохон үзэсгэлэн болгохын төлөө хичээн ажиллаж энэ удаад Иран, Серби, Еиптийн уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд жил бүр оролцогчдын маань ур чадвар өсч, гадаадын уран бүтээлчдийн оролцох хүсэл сонирхол нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Уламжлал ёсоор “Алтан бийр-12” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа үзэсгэлэнгийн нээлтийн өдөр болж шилдэг бүтээлийн ялагч Ж.Анунаранд “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрх, “Арт галерейд” бие даасан үзэсгэлэнгээ толилуулах эрхийг тус тус гардуулсан юм.

Ж.Анунаран “Орон” хэмээх холимог техникийн ажлаараа энэхүү шагналын эзэн болов. Мөн энэ жилээс “Орд” арт галерей хамтран ажиллаж дэд байрын шагналд үзэсгэлэн гаргах эрхийг дагалдуулан өгч байгаа бөгөөд тус шагналын эзнээр П.Ганзориг “Урсгал” бүтээлээрээ тодорчээ.



“Шинэчлэл, шинэчлэгч, шинэ урсгал, шинэ шүлэг, шинэ үзэл, шинэ санаа, шинэчлэлийн засгийн газар, шинэ хот, шинэ хүн... гэх шинийн “өвчин”-д яасан их нэрвэгдээ вэ?” гэж судлаач Г.Батсуурь бичсэн санагдана. Магадгүй хуучнаасаа салж чадаагүй ч “шинэ” зүйлсийн дунд төөрөлдөгсдийн эрин зуунд амьдарч байгаа мэт сэтгэгдэл хааяа төрдөг юм. Гэтэл “Алтан бийр 12” үзэсгэлэнд очсоноор өнөөх сэтгэгдэл үгүй болов. Толгой дотор минь “шинэ” гэсэн үг л хамгийн түрүүнд орж ирэв. Зураг бүрээс тухайн уран бүтээлчийн огт өөр өөр арга барил, шинэ санаа мэдрэгдэнэ.

ЧӨЛӨӨТ ОРОН

“Алтан бийр 12” наадмын тэргүүн эзэн Ж.Анунаран “Надад зотон, тос, уул, ус, ургамал, морь, мал гэх ойлголтоос илүү өөр материал дээр ашиглалтын зориулалтаасаа өөрөөр илэрч, урлаг хэрхэн болж болох тэр үйл явцууд сонирхолтой байдаг. Уран бүтээлч хүн үргэлж л туршилт хийдэг. Энэ нь өвөрмөц байдлыг хүссэн хүсээгүй бий болгодог” хэмээсэн нь бий.

“Зураач бол хараагүй хүний мэргэжил. Тэр харснаа зурдаггүй, харин юуг мэдэрснээ, харсан зүйл нь түүнд юу хэлснийг зурдаг” хэмээн Испанийн алдарт зураач Пикассо хэлсэн байдаг. Бодит байдлаас илүү өөрийнхөө дотоод мөн чанар луу нэвтрэх нь бүтээлч хүний жинхэнэ ур чадварыг илтгэсэн хэрэг шүү дээ. Зураач юу харснаа санах бус хараад юу мэдэрснээ сэргээн санаж утгыг гүнзгийрэлд бүтээлийнхээ мөн чанарыг чиглүүлснээр сарыг ч шаар болгох хэмжээний гайхалтай төсөөллийг бий болгодог байна. Энэ л урлагийн гол мөн чанар.


 
Түүний “Орон” хэмээх холимог техникийн ажил анх зэрвэсхэн хараад өнгөрөхөд зээгт наамлыг санагдуулам төрхтэйгөөр санаанд буудаг. Дээрээ навчтай Буддагийн алгыг санагдуулам гарыг зургийн гол дэвсгэрт дүрсэлжээ. Магадгүй эндээс “орон” эхэлнэ. Харин түүнийг орон зай, оршихуйгаар тодорхойлж болмоор. Учир нь Ж.Анунарангийн бүтээлүүд хүний оршихуйн тухай асуудал, түүний боломжит дүр зургуудыг эрх чөлөөт байдлаар илэрхийлэн гаргаснаараа онцлог болдог. Бид өөр өөр орон зайн хэмжээст байх авч зэрэгцэн оршиж байдаг гэх санааг түүний зураг бүхэлдээ агуулжээ.

Нөгөөтэйгүүр хоёр том луус, үнэг, хэрээ, тахиа, тогоруу, туулай, гөрөөс гэх мэтийн жигүүртэн, хөхтөн амьтад өөр өөрсдийн тойрогт буйгаар дүрслэгдсэн байна. Гагцхүү тэнд хүний бараа л алга. Харин хамгийн голд ганц том гар бий. Магадгүй бид бүхний үүтгэл болж буй ч бусад амьд организмын бүхий л бодит  дүрүүдтэй хамт нэгэн дэвсгэрт оршин байдаг гэх санаа улмаар цухалзана.

БИД БУРХНЫ ТАВИУЛ БА ӨРӨГ

Зохиолч П.Баярсайхан нэгэнтээ “Бид хорвоо дээрх бурхны тавиул” гэж бичсэн байдаг. Бид ерөөс л нэг тавиул төдий зүйлс үү? Тэгээд шатрын хүүгийн зарчмаар хувь тавиландаа захирагдаж аж төрөн суудаг гэж үү? гэсэн асуулт урган гарна. Тийм дээ ч дараагийн онцлох бүтээлээр залуу зураач Б.Баярцэнгэлийн “Өрөг” нэртэй зургийг сонгосон юм. Энэхүү зургаас шинэ залуу зураачдын сэтгэхүйн онцлог, уран бүтээлчийн зурагт туссан орчин цагийн нийгмийн нөлөөлөлт хүчин зүйлсийн тухай олон гаргалгааг бүтээж болно.

Магадгүй шинэ нээлт, үйл явдлууд ар араасаа хөвөрч, мэдэмхийрэгчид олшрох тусам бид үнэ цэнээ гээж гарах гарцгүй төөрдөг байшинд орчихоод байгаа ч юм билүү гэх санаа төрнө. Эсвэл өөрийгээ хэн бэ гэдгээ тодорхойлчих насан дээрээ ирсэн ч тодорхойлж чадахгүй хүмүүс өчнөөн бий. Тус зургийн утга санаа руу нэвтэрвэл ийм бодол төрөх бөгөөд илэрхийлэл нь маш өндөр түвшинд бүтээгджээ. Өмнөх жил зураач маань “Буддаг олоорой” зургаар эл үзэсгэлэнд оролцож багагүй шуугиан тариад авсан билээ. “Поп-арт” төрлийн бүтээлийг тултал нь хийх чадвар, мэдрэмж түүнд бийг олон судлаачид хүлээн зөвшөөрч байв.



Юун түрүүнд интернетэд холбогдох чадвартай утас барьж, толгой дээр нь “WiFi”-ийн лого үүсэн буй бурхад сонирхол татна. Харин юуны учир “Өрөг” гэж нэрлэв. Зургийг сайтар ажиглах юм зохиомжийн хэлбэр олон бурхад даам нүүх гэж буй мэт эгнээ болон өөд өөдөөсөө харжээ. Тиймээс энэ зурагт бурхдын зарим хэсгийнх нь толгойг доош харуулж зурсан гэсэн үг. Энэ бол орчин үеийн нийгмийн үнэн төрх. Бидэнд мэдэхгүй, чадахгүй зүйл гэж үгүй. Өөрсдөө бид хэдийн бурхдын дүрд хувираад эхэлчихсэн буй ч цахимжсан орчноос хамааралгүйгээр оршихоо больжээ. Ийм учраас хэн ч урагш тэмцэж, тэмүүлж аж төрөхгүй байгаа нь илт. Тиймдээ ч уг өрөг хэзээ ч тоглоом хувилбарт шилжиж улаан юм уу шар тал нь ялахгүй биз. Зургийн гол утга санаа энэ ажгуу.

МОНГОЛ УЛАМЖЛАЛЫН ДЭГ

Уг үзэсгэлэнд уламжлалт арга барилд түшиглэсэн нэлээдгүй зургууд бий. О.Пүрэвдорж “Бага нас”, М.Мөнхтулга “Хун ээжийн домог”, Ж.Пүрэвдорж “Битүүний орой”, Э.Пүрэвсүрэнгийн “Отгон цас” зэрэг зургуудыг нэрлэж болно.

Уламжлалт монгол зураг хэрхэн орчин үе руу хэлбийж, шинэ хөрсөн дээр буусан ч өөрийн гэсэн өнгө төрх, сэтгэлгээний нууцыг хэрхэн хадгалж үлдсэнийг үзүүлсэн бүтээлийн нэг бол Э.Пүрэвсүрэнгийн “Отгон цас” зураг юм. Соёл урлагийг дэлхий дээрх олон төрлийн хүмүүс бүгд л өөр, өөрөөр хүлээж авдаг. Хүн бүрт урлагийг хүртэх эрх чөлөө бий хэдий ч уран бүтээлчдийн соёлд хандах хандлага нь уламжлалт соёл иргэншил, үзэл бодлоосоо улбаалан өөр, өөр байдаг. Нүүдэлчдийн ахуйг нэгэн хавтгайд цогцоор дүрсэлсэн Э.Пүрэвсүрэнгийн  “Отгон цас” бүтээл нь даяаршиж буй нийгмийн нөлөөлөлд ахуйгаа арилшгүйгээр авч үлдэх гэсэн уран бүтээлч сэтгэлгээний охь билээ.



Тус зурагт бүх элементийг маш нарийн гаргаж өгснөөрөө онцлогтой юм. Уран зурагт зарим нэг хэсгүүдийг гоёоор дүрсэлж болдог бол монгол зургийн бүх хэсгийг детальчилан оруулах ёстой байдаг. Ганцхан зүйл орхигдуулах юм бол урлаг болж чадахгүй. Сайхан үзэмж, сэтгэгдэл төрүүлэхээс илүүтэй харсан хүнд асуулт үлдээхийг чухалчилдаг учраас дээд түвшинд бүтээгддэг билээ. “Отгон цас”-ыг монгол сэтгэхүйтэй хүн л зурна уу гэхээс өөр улсын иргэн хуулбарлахаас цаашгүй. Өдгөө Монголын өнцөг бүрт улам ховордсоор буй нүүдлийн соёл иргэншлийг нэгэн хавтгайд ямар ч элдэв чимэггүйгээр буулгасан зураг. Харин зургийн зохиомж, зураачийн арга барил нь уламжлалт “дэг” –ээ хадгалж үлджээ.

Монгол хүн л үндэсний уламжлалаа хадгалсан ийм зургийн бүтээлийг хийдэг болохоор дэлхийн хаана ч очсон өөрийн гэсэн имиж, дүр төрхтэй байдгаараа давтагдашгүй нэгэн онцлог болж үлддэг билээ.
 
Гэрэл зургийг | Т.Чимгээ
 
 
Тоймч | Б.Алтанхуяг
 
 

 
 
 
 

Холбоотой мэдээ