П.Орхон “Гуравдугаар сарын шилдэг тамирчин”-гаар шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-23 19:42:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны уламжлалт шалгаруулалтаар “2018 оны гуравдугаар сарын шилдэг тамирчин”-гаар гавьяат тамирчин П.Орхон тодорлоо.

Тухайн сард болсон тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор ийнхүү шалгаруулдаг.

Өнгөрсөн
гуравдугаар сард Киргизийн Бишкек хотноо зохион байгуулсан чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ий аварга болсон П.Орхон олонхийн саналаар сарын шилдэг тамирчин боллоо. Тэрбээр хамгийн олон буюу дөрвөн удаа энэ шагналд нэр дэвшиж, хоёр удаа ялагчаар тодорлоо.

Өмнөх саруудад энэхүү шагналыг жүдоч Д.Сумъяа, чөлөөт бөхийн тамирчин П.Орхон, шатарчин Д.Батсүрэн, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, усан спортын тамирчин Б.Энххүслэн, таеквондоч П.Тэмүүжин нар тус тус хүртсэн юм.

Гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалтад ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн Э.Бэхбаяр, Японы Такасаки хотноо явагдсан чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус нэр дэвшсэн
байв.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ