Монголын мистерээр “Rippеd” клубийн тамирчин Д.Бат-Эрдэнэ 4 дэх удаагаа шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-25 13:10:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессын тэмцээн энэ сарын 21-нд Улаанбаатар паласын Концертын их танхимд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулсан 27 дахь удаагийн “Монголын Мистер-2018”  тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдсэн юм. Энэ удаагийн тэмцээний тайзны засалт, гэрэлтүүлэг, тамирчдын үзүүлбэр зэрэг нь шинэлэг содон байж, үзэгчдийн анхаарлыг ихэд татаж чадлаа.
"Монголын мистер-2018”  УАШТ-д нийт 19 ангилалд 96 тамирчин өрсөлдсөнөөс энэ жилийн ялагчаар “Rippеd” клубийн тамирчин Д.Бат-Эрдэнэ шалгарлаа. Тэрбээр Монголын мистерээр 4 дэх удаагаа тодорч байгаа бөгөөд эрхэм хүндтэй цолыг 3.000.000 төгрөг дагалддаг байна. 
Тэмцээний эхний гурван байр эзэлсэн тамирчид тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох томоохон боломж гарч байна. Тухайлбал, бодибилдинг фитнессын тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой.
Ирэх 5 дугаар сарын 27-нд Сөүл хотноо Азийн сонирхогчдын “Мистер Олимп” тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ